Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ямар байх ёстой вэ?


Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлээд нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол улсын уугуул иргэнийг “нэр дэвшигч” гэнэ.
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 6.3-т заасан шаардлагыг хангасан буюу дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байдаг байна. Үүнээс гадна нэр дэвшигч нь банк, болон бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр, хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй бөгөөд ялгүй байх ёстой ажээ.
УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй ба нам дангаараа сонгуульд оролцох бол Их хурал, аль эсвэл намын төлөөллийн төв байгууллага нь нэр дэвшүүлэх юм. Хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй бол бүртгэхгүй.
Сонгуулийн тухай хуулийн 24.5-д заасныг зөрчиж өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол бүртгэхгүй байх үндэслэл болно. Бүрдүүлэх ёстой бичиг баримт дутуу эсвэл хуурамч бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол СЕХ нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаж, үүнээс хойш ажлын гурван өдрийн дотор буюу тавдугаар сарын 23-ны дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээллэх юм байна.
Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгохоор хуульд заасан байдаг. Энэ үйл ажиллагаа 2013 оны тавдугаар сарын 22-ны өдөр сонгуулийн ерөнхий хороон дээр зохион байгуулагдана. Нэр дэвшигч нь энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлүүлэх юм.
Ж.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ