Гурван сая иргэн мэндлэх өдөр төрсөн бүх хүүхдэд гурван сая төгрөг өгнө


Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, 10 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах бэлтгэл ажлыг хангана
Монгол Улсын хүн ам 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна. Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн 5 жилд 1.8-2.0 хувь болж өсчээ. Энэ нь хүн ам зүйн цонх үеийн мөчлөгийн үр дүн бөгөөд 2012 оны сүүлийн байдлаар манай улсад 1.4 сая эмэгтэйчүүд байгаагаас 57.64 хувь нь төрөх насны эмэгтэйчүүд байна. Түүнчлэн, 2013 оны жилийн эцсийн байдлаар 79.6 мянган хүүхэд төрж, 16.1 мянган хүн нас барж, хүн амын цэвэр өсөлт 63.5 мянга болох тооцоо байна.
Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ.
Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 2 дугаар улирлын эхээр төрнө. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71.0 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай. Тиймээс Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах ажлын бэлтгэлийг одооноос эхлэх шаардлага гарчээ.Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгыг үндэслэн энэ ажлыг зохион байгуулах өндөр түвшний комиссыг Засгийн газрын холбогдох гишүүдийг оролцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулах, гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэлээ.
ТОВЧХОН:
·Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын 2013 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд ажлын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
·Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн 2013 оны 11 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Бельги Улсад хийсэн айлчлалын дүнтэй танилцаад, айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох яамтай хамтран ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа.
·Гадаад харилцааны сайдын 2013 оны 12 сарын 9-11-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо “Авлигын тухай хэлэлцээр”-ийн оролцогч талуудын Ассамблейн хоёрдугаар чуулганд оролцсон дүнгийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ