Хоёр өөр Д.Ганхуяг

Д.Ганхуяг сайд болохоосоо өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гадны хөрөнгө оруулалтыг эрс эсэргүүцдэг нэгэн байв. Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичиг удаа дараа үйлдэж, эх оронч түшээ гэдгээ харуулж байсан цаг саяхан. Гэтэл тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам засгийн эрхийг барих болсон тэр цагаас Шинэчлэлийн Засгийн газрын Уул уурхайн сайдаар ажиллаж байгаа. Ийнхүү сөрөг хүчин байхдаа хэлж байсан үг болон засгийн эрхийг барьж байхдаа хэлсэн үгийг баримттайгаар уншигч та бүхэндээ харуулъя.

Сөрөг хүчин байхдаа:

--“Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү. Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал”

25 дугаар суваг телевиз "Дуусдаггүй яриа" нэвтрүүлэг

2010-11-10

Уул уурхайн сайдаар томилогдсоны дараа:

--“Хөрөнгө оруулалтын гэрээ нэгэнт байгуулагдсан. Хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдсан. Монгол Улс компанийн тухай хуультай. Тэр хуулийн хүрээнд бүрэн үйл ажиллагаа явуулах боломжтой. Оюутолгой бол маш амжилттай явж буй төсөл. Бид далд уурхайгаа ашиглаад эхэлсэн. Орлого ороод эхэлсэн”

BLOOMBERG TV

Сөрөг хүчин байхдаа:

--“УИХ-ын 57 дугаар тогтоолд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа энэ хувиа 50-д хүргэ гэсэн. Хөрөнгө оруулалтаар нэг тонн зэсийг 4320 ам.доллараар тооцоход 4.7 жил байх. 5500-аар тооцвол 2.5 жил болох юм. Гэтэл Оюутолгойн гэрээг хийхдээ 30 жилийн дараа 50 хувь болгох жишээтэй. Иймэрхүү байдлаар УИХ-ын шийдвэр хэрэгжээгүй. Яагаад хэрэгжээгүй юм бэ гэдэг асуудлыг "УИХ-д тавиач ээ" гэж гэрээ хүчинтэй болохоос өмнө Засгийн газарт тавьсан. Одоо хүртэл ямар нэгэн хариулт өгөөгүй л байна.”

GOGO.mn

2010-04-14

Уул уурхайн сайдаар томилогдсоны дараа:

--“Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлт гараагүй ба ирэх саруудад Оюутолгойн үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст баяжмалын экспорт багагүй хэмжээгээр нэмэгдэх боломжтой байна. Хагас жилийн байдлаар молибдений үйлдвэрлэл болон экспортын орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 орчим хувиар нэмэгдсэн байна.

“Хариуцлагатай уул уурхай хөгжлийн санаачлага” хуралдаан

2013-09-17

Сөрөг хүчин байхдаа:

“УИХ-ын Тамгын газраас Оюутолгой Монголд хэрэгтэй юу гэсэн судалгаа хийсэн байна. Тэгэхэд Монголд огт ашиггүй гэсэн дүгнэлт гарсан. Анхны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монголын талын хувь оролцоог 50 хүртэл хувь болгох байсан ч Засгийн газар үүнд анхаарч ажиллаагүй. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюутолгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийхэд Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Дор хаяж хоёр тэрбум ам.долларын алдагдал Монголын тал хүлээнэ гэсэн дүгнэлт гарсан”

УИХ дахь Ардчилсан намын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар Ардчилсан намын бүлэг Стратегийн ордуудын талаар ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгээс гарсан дүгнэлт

2012-05-06

Уул уурхайн сайдаар томилогдсоны дараа:

--“Би Оюутолгойн гэрээнд УИХ-ын шийдвэр хэрэгжих учиртай гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь үнэн. Үр дүн ч гарсан. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, мөн ямар ч тохиолдолд Монголын Засгийн газрын “Оюутолгой”-н ХХК-д эзэмшиж байгаа 34 хувь буурахгуй байх талаар хувь нийлуулэгчийн гэрээнд өөрчлөлт орсон. Зээлийн хүүг бууруулснаар Монголын талд орох орлого багадаа нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тэр үеийн Сангийн сайд нь хэлж байсан юм. Бодит үнэн ийм л байна. Ер нь гэрээ ч гэрээ л дээ”

"NEWS WEEK" сонин №02

2013 оны 8 сарын 27

Ямартай ч түүний хувьд Оюутолгойн гэрээг үгүйсгэсэн байр суурьтай байсан бол Уул уурхайн сайдаар томилогдсон даруйд түүний хэлэх үг, хийх үйлдэлд өөрчлөлт орсон гэдгийг дээрх үгс нотолж байна. Тэрбээр одоо Оюутолгойн гэрээг хамгаалах байр сууринаас хандаж байгаа юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ