Дахин сонгуулийн зардлыг СЕХ-оос гаргахаар боллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт дахин сонгуулийн зардал болох 32 сая төгрөгийг батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2012 оны Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгууль маргаантай болж, Монгол Улсын бүх шатны шүүхээс сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулахаар болоод байгаа. Энэ дагуу тус аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд багт дахин сонгууль явагдаж нийт 17 төлөөлөгчийг сонгох юм. Одоо болох сонгууль нь нийт таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдана. Тиймээс Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороог сэргээн байгуулж, сонгуульд зарцуулагдах 164 сая төгрөгийн төсвийг шийдэж өгөх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Сонгуулийн ерөнхий хороо эл асуудлыг хэлэлцээд 32 сая төгрөгт багтаан дахин сонгуулийг зохион байгуулах ёстой гэж үзэн, энэ асуудлыг УИХ-д хандан тавьсаны дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн юм. Ингээд дахин сонгуулийн зардал болох 32 сая төгрөгийг СЕХ өөрсдийн хөрөнгөөс гаргах ёстой гэсэн шийдвэрийг гаргалаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ