Эрхэм гишүүд Хөдөлмөрийн яаманд ажиллав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Д.Арвин, З.Баянсэлэнгэ нар Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагуудад ажиллалаа. Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, ажилгүйдлийг багасгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Мэргэжлийн боловсролсургалтын тухай, Хоршооны тухай хууль болон Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа талаар танилцуулаад өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ 49331 ажлын байр шинээр бий болгосноо мэдээлэв. Мөн гадаад ажиллах хүч буурсан, гадагшаа явж ажиллах хүмүүсийн тоо багассан, Оюутолгой компанитай хамтран хэрэгжүүлсэн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөр хэрэгжиж буйг дуулгалаа.
Байнгын хорооны дарга Д.Батцогт энэ үеэр шинэчлэн найруулж байгаа хуулиа маш сайн боловсруулж, урьд өмнө нь тусгаж чадаагүй чухал зүйл заалтыг оруулах тал дээр анхаарал хандуулж, залууст нарийн мэргэжил сонгоход нөлөөлөхүйц сурталчилгаа хийх талаар зөвлөв. Мөн Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийнү үйл ажиллагаатай танилцлаа. Тус коллеж нь 1600 гаруй оюутан сурагчтай, нарийн мэргэжлийн бүхий л чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Түүнчлэн коллежийн сурагчдын 60 гаруй хувь нь сургууль төгсөхийнхөө өмнө ажлын байраар хангагддаг гэсэн таатай мэдээг захирал П.Уламбаяр хэлэв.. Эднийх 176 аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллаж, төгсөгчдөө ажлын байраар хангахад тусалдаг байна. Эрхэм гишүүд дараа нь Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцаж тэдэнд тулгамдаж байгаа асуудал болон дэвшилттэй зүйлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.
Г.Болор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ