Ж.Мөнхбат: Увсын хоёрын бүрэн эрх маргаангүйгээр хэрэгжих шийдвэр гарсан

2012 оны УИХ-ын сонгуулийн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Хэдийгээр парламент бүрэлдээд жил хагас болж байгаа ч сонгуулийн маргаанууд шүүх байгууллагуудад байсаар байна. 2012 оны сонгуулийн хамгийн их олны анхаарал татаж байсан маргаанууд Өвөрхангай болон Увсын асуудлууд байсан. Гэвч дээрх хэргүүдийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж маргааныг таслаад байгаа. Увсын тухайд МАН-ын хоёр гишүүн сонгогдон гарсан. Харин үүнийг Ардчилсан намаас эсэргүүцэн бүх шатны шүүхэд хандсан ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймгийн маргааныг сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг ардчилсан намын зүгээс илэрхийлсэн. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад өнгөрсөн сард хариулт өгсөн байна. Тодруулбал ардчилсан намаас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг шинээр хэрэглэсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцээд энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.

Харин МАН Увсын хоёр гишүүнийх нь асуудал анхнаасаа шийдэгдсэн байсан гэсэн хариулт өгч буй юм. МАН-ын Ерөнхийн Нарийн Бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Манай намаас Увс аймагт сонгогдсон хоёр гишүүн ямар ч маргаангүйгээр, асуудалгүйгээр дахин хөндөхгүйгээр бүрэн эрх нь хэрэгжээд явах шийдвэрийг шүүх гаргачихсан. Сонгуулийн маргаантай холбоотой шүүхийн олон шийдвэр гарсан. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль явагдаж байна. Гэтэл ардчилсан намын талд гаргасан шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болоод явчихдаг, МАН-ын талд гарсан шүүхийн шийдвэр цааш нь сунжраад явах ёстой юм шиг хандлага сүүлийн үед ажиглагдаж байна.” гэсэн юм.

Гэтэл саяханаас МАН-ын бас нэг гишүүн сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал УИХ-ын 2012 оны сонгуулийн зургадугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь аймагт нэр дэвшигч Ж.Батсуурь сурталчилгааныхаа үеэр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутгийн иргэдэд мөнгө тараасан гэх яриа яригдаж эхлээд байна. Тэгвэл энэ талаар “Дорноговь аймгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Сонгууль дуусаад хоёр жил болж байхад сонгуулийн маргаан хийдэг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Болж өнгөрсөн сонгуулийн маргаан хөөж байхын оронд ард түмний цалин тэтгэвэр, улс орныхоо цаашдын хөгжил, эдийн засагтаа анхаарах гэх мэт чухал асуудлууд урд байна” гэсэн байр суурьтай байгаагаа ч Ж.Мөнхбат илэрхийлж байгаа юм.

Ямартаа ч УЕП УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх хэргийн материалыг оны өмнө шүүхэд шилжүүлсэн байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ