Үйлдвэрлэгч улс болохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэв

Засгийн газар өнөөдөр өнгөрсөн онд хийснээ дүгнэж ирэх оны төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Засгийн газрын кабинетын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ, 21 аймаг, харъяа агентлагуудын удирдлагуудын төлөөлөл оролцлоо.
Өнгөрсөн оны хувьд Шинэчлэлийн Засгийн газартсаад бэрхшээл олон байсныг Ерөнхий сайд дурдсан юм. Нүүрсний үнэ 33 хувиар буурч, дэлхийн эдийн засгийн болон хууль эрх зүйн орчноос шалтгаалан хөрөнгө оруулагч нар нүүр буруулсан явдал нь бэрхшээл хүндрэл учруулсан гэдгийг онцлов. Гэхдээ "Чингис бонд"-ыг босгосон, үнэ тогтворжуулах хөтөлбөр, аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосон, бүтээн байгуулалтын олон ажлын гарааны жил байсан гэдгийг тэрээр хэлсэн. Өнгөрсөн онд гэхэд 200 мянган ажлын байрыг хадгалж, 51 мянган ажлын байр шинээр нэмэгджээ.
Барилгын зөвшөөрөл олгох шат дамжлага, гадаад худалдаа, татвар төлөлт, эрчим хүчээр хангах асуудлыг өнгөрсөн онд дутмаг хийсэн. Харин энэ онд Засгийн газрын зүгээс дээрх асуудал голлож анхаарна гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ. Өнгөрсөн онд 21 мянган айл өрх орон сууцтай болж 17 мянган айл өрх найман хувийн зээлд хамрагджээ. Сансарбаяр гэдэг залуугийн орон сууцны зээлд хамрагдаж 772 мянган төгрөгийн зээл төлж байсан бол найман хувьд шилжснээр 443 мянган төгрөг болж тухайн гэр бүл 50 орчим сая төгрөг хэмнэж байгаа жишээг татав. Ирэх онд Шинэчлэлийн Засгийн газар хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг амаллаа. Мөн “Энэ онд бүтээн байгуулалтын ажилд нэг их наяд төгрөг зарцуулах болно” гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ