Н.Алтанхуягийн ичих булчирхай

УИХ төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэх тухай асуудлыг авч хэлэлцэх бололтой. Ичсэн нүүрэндээ ахмадын тэтгэвэр, халамжийнхны тэтгэмжийг хамтад нь дайж байна.
Эрхэм гишүүд үүнийг баталбал 2014 оны төсөвт суулгасан 235 тэрбум төгрөгөөс гадна 524 тэрбумыг нэмэх шаардлагатай. Нийтдээ 759 тэрбум болно. Төрд данстай оффисын өтнүүд ч яахав, алга нь загатнаж байгаа биз.
Гэхдээ төрийн байгууллагууд Засгийн газраасаа эхлээд данхар том байна. Тэдний цалинг толгой дараалан 30 хувь нэмэхэд төрийн үйлчилгээний чанар шууд 30 хувь сайжирч чадахгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цалингийн нэмэгдлийг мэдээж таашаахгүй байгаа. Гэхдээ энэ санаагаа ил гаргавал мөнөөх нийтийн албан хаагчид гэсэн нэрнээсээ ичдэг оффисын өтнүүдтэйгээ өстөн дайсан болох биз.
Тэр бол олон юманд барьцаалагдсан хүн.
Оюутолгойн гэрээг С.Баяртай хамт байгуулсан. С.Батболдын гар хөл болж Хятадын “Чалко”-гоос 250 сая ам.доллар зээлсэн гэх мэт. Одоо тэдний баасыг цэвэрлэх гээд цэвэрлэгч хийж байгаа. Дээр нь овойж оцойхоор ялсан ч биш, сонгуулийн бялуу хүртээх гээд АН-ын фракцуудад хэрчүүлж гүйцсэн. Хүн нь тийм ч ичих булчирхайгүй эр биш баймаар.
Одоо харахад шинэчлэлийн Засгийн газрын хөнжилд багтсан АН-ын таван фракцаас гадна “Шударга ёс” эвслийн МАХН, МҮАН-ынхан Ерөнхий сайдаа даанч хайрласангүй. Ардчиллын 23 жилийн түүхэнд 16 яам, 19 сайд, 17 дэд сайдтай хамгийн нүсэр Засгийн газар байгуулжээ. Тэгэхэд жил дөрвөн сарын настай байсан “АХ” эвслийн М.Энхсайханы танхим 1996 оны сүүлийн хагасаас 1998 оны эхний улиралд суурь үнийг чөлөөлж, өмч хувьчлалыг эрчимжүүлж, ялангуяа орон сууцыг хувьчилж, банкны реформ хийж чадсан юм. Хамаг юмны эхийг тавьж, хамгийн их хараал идсэн Ерөнхий сайд М.Энхсайхан есөн яам, 10 сайдтай ажиллаж байлаа. Тэгэхэд 1992-1996 оны П.Жасрайн танхим 17 сайд, 15 яамтай байсан.
Харин 2000 онд Н.Энхбаяр гүйцэтгэх засаглалыг гартаа авмагц 13 гишүүнтэй танхим бүрдүүлж, 11 яам байгуулан, МАХН-ыг сонгуулийн мөнгөөр угжсан 11 олигархид дэд сайдын орон тоо гаргав. Угаасаа бийд нэмэргүй, үгүйд гарзгүй энэ суудал дандаа бялуу хүртэгсдийнх байсаар ирсэн. Дараа нь 2004-2008 онд ээлжлэн засагласан их эвсэл, үндэсний эв нэгдлийн гэсэн тодотголтой Засгийн газар 13 яам, 18 сайд, 13 дэд сайд, дээр нь шадар сайдтай болж бүр томорсон.
Хамтарсан гэх стандарт бус С.Баярын болоод С.Батболдын танхим 18 гишүүнтэй, 13 яам, 13 дэд сайдаас бүрдэж байлаа. Бас тэргүүн шадар сайдаар бүл нэмсэн гээч. Ингээд Н.Алтанхуяг 19 сайдтай шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байна. Шинэ нь юугаараа юм бэ гэхээр, өнгөндөө сайд, яамныхаа тоогоор. Үндсэндээ манай гүйцэтгэх засаглал өдий хүртэл бараг геометрийн прогрессоор томорчээ.
Оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар болсон “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний чуулганы үзэл санааны дагуу төрийн байгууллагуудыг цомхон, чадварлаг болгож, төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллагуудад хариуцуулах, үйлчилгээг иргэдэд ойртуулах зарчмыг орон даяар хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байна. Харамсалтай нь төрийн албыг боловсронгуй болгох тухай биш, төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр шинэ онтойгоо золгов.
Н.Алтанхуягийг төсвийн мөнгөнөөс гадна “Чингис” бондын мөнгөөр туйлсан гэдэг. Энэ ч үнэн. Гэхдээ улс орны эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн хамтарсан Засгийн газар хуримтлал бий болгохын оронд зодог тайлахдаа “Чалко”-гоос Тавантолгойг барьцаалж 250 сая ногоон зээлсэн.
Олон улсын эдийн засгийн алуурчдын эконометрийн онолоор бол газрын баялаг ихтэй, хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт ард түмнийх нь амьжиргаанд огтхон ч падгүй хөөсөрсөн тоо байдаг гэсэн.
Одоо ч гэсэн манайд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг гэх мэт байгууллагын далдганасан зөвлөхүүд зөндөө л байна. Тэд зөвхөн глобал их гүрний эрх ашгийн төлөө үйлчилдэг гэдгийг толгой дараалан шахам дээд боловсролтой монголчууд эрхбиш гадарлах биз.
Ийм ч учраас Н.Алтанхуягт ичих булчирхай бий. Тэр өмнөх бүх Засгийн газрын дандаа сонгуулиас сонгуулийн хооронд амиа аргацааж, довоо шарлуулж ирсэн байдлаас арай өөрөөр ирэх онуудыг үдэх байлгүй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг эсэргүүцэж, тэтгэврийн хөгшид, тэтгэмжийн бүлгийнхний мөнгийг нэмбэл ёстой гоё.
Б.Энхбаясгалан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ