Аймгийн төвүүдийг нийслэлтэй 2015 онд хатуу хучилттай замаар холбоно

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход 5700 орчим км автозамыг 2015 онд багтаан ашиглалтад оруулах юм. Зам нэмэгдэхийн хирээр өдөр тутмын засвар арчлалтыг сайжруулах, зам арчлалтын компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүйшаардлага бий болж байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар автозамын засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийг хувааж, Төв аймгийн Баянчандмань суманд “Баянчандмань АЗЗА”, нийслэлийн Налайх дүүрэгт “Налайх-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт зөвшөөрлөө.

Дундговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд автозасварын арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Улсын чанартай 12700 гаруй км автозамын засвар арчлалтыг төрийн өмчит 19, хувийн 4 компани жилийн дөрвөн улиралд хийдэг. Засвар арчлалтыг 1000 гаруй хүн 500 гаруй машин механизмаар гүйцэтгэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ