“Бумбардай” бол өнгөлөн далдлалт

“Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газар шалгуулахаар боллоо”, “Ерөнхий сайдыг Үндэсний аудитын газар шалгуулах нь зүйтэй гэж үзлээ”, “Ерөнхий сайдыг Тагнуулын ерөнхий газраас шалгана” гэсэн мэдээлэл нэг хэсэгтээ гарах болсон. Учир нь түүнийг төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр ийнхүү шалгуулах хүсэлтийг гаргасан. Тэрхүү төсвийн мөнгө нь Ерөнхий сайдын багц болох 50 тэрбум төгрөг. Түүнээс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөг буюу нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зарцуулалт хууль бус байж болзошгүй гэсэн хардлага байсан учир ийнхүү шалгуулахаар өгөөд байсан юм. Хуулиар бол 50 саяас дээш төгрөгийн бараа, 80-аас дээш сая төгрөгийн ажилд заавал нээлттэй тендер зарладаг. Тендер зарлаад шалгарсан компани, аж ахуйн нэгжид Ерөнхий сайд захирамж гарган ажилд томилох дараалал байх учиртай байдаг. Гэтэл тендер зарлалгүйгээр энэхүү санхүүжүүлсэн байна.
Хэрэг ийм байж болно. Харин хамгийн хачирхалтай нь түүнийг Тагнуулын ерөнхий газраас шалгах болсон явдал юм. Гэтэл Ерөнхий сайдын “эзэмшилд” Тагнуулын ерөнхий газар багтдаг. Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилох эрх мэдэлтэй. Энэ нь Ерөнхий сайд тэрхүү байгууллагыг шууд бус аргаар удирдана гэсэн үг. Доодос нь даргаа шалгана гэдэг бас л инээдтэй хэрэг.
Үүнээс гадна өөр нэгэн асуудал байгаа. Тэр бол 500 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэх асуудал. Учир нь манай цагаан захтнуудын гэмт хэрэгт нэлээн их хэмжээний мөнгө яригддаг ч мөрдөн байцаалтын явцад замхраад дуусдаг нь үнэн. Харин зарим нэгэн эрхмүүдийн хувьд багахан хэмжээний мөнгөөр асуудал үүсгэдэг. Гэтэл энэхүү яригдаж байгаа мөнгөний хэмжээ бол тэдгээр эрхмүүдэд бол юу ч биш. Тэд зөвхөн нийгмийн бодол санааг өөр зүгт зүтгүүлэх гэсэн оролдлого гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд шинэчлэлийн баатар болсон “Бумбардай” номонд чирэгдэхгүй.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөн энэ мэт багахан зүйлээр ялласан. Түүнийг Нийслэлийн өмчит "Өргөө" зочид буудлын хувьчлалын асуудал, "Улаанбаатар таймс" сонин нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар хувьчилсан болон япончуудын өгсөн бурхны шашныг хөгжүүлэх, сүсэгтэн олонд сурталчлахад нь зориулсан техник тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдэд шилжүүлж өгөлгүйгээр өөртөө завшиж улмаар "TV-9" телевизийг байгуулсан хэрэгт буруутгагдсан юм.
Энэ мэтчилэн бага зүйл рүү нийгмийн санааг чиглүүлж, түүний араар том зүйлс өнгөрч байж магадгүй юм.
Б.Тэнүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ