Э.Батшугар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үү

Монголбанкны удирдлагад өөрчлөлт орох гэж байгаа гэсэн бор шувуу саарал ордонд нисч эхэллээ. Ямар шалтгаанаар ийнхүү халаа сэлгээ хийх болсон тодорхой бус байгаа бөгөөд энэ асуудлаас үүдэн Ардчилсан намд нэлээд шуугиан үүсээд байгаа аж. Гэхдээ халаа сэлгээ зөвхөн Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудалд хийгдэх бөгөөд одоо ажиллаж буй Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, эсвэл дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг чөлөөлөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Хэдийгээр хэнийг нь чөлөөлөх нь ийнхүү тодорхой бус байгаа ч түүний ч сэнтийд залрах эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорч байна.

Энэхүү сэнтийд Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, хуучин“Монгол шуудан” банкны дэд захирал асан З.Нарантуяа нар яригдаж байгаа гэх мэдээллийг албан эх сурвалж мэдээллээ. Харин хэн нь томилогдох нь тодорхой бус бөгөөд Ардчилсан намын хүчтэй фракцуудын эрхмүүд учир нь ийнхүү асуудал дагуулаад байгаа аж. Учир нь Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нь “Алтан гадас” фракцынх бол “Монгол шуудан” банкны дэд захирал асан З.Нарантуяа нь “Шонхор” фракцынх.

З.Нарантуяагийн хувьд түүний нэр анхнаасаа буюу Ардчилсан намын засгийн эрхийг барьсан цагаас яригдаж эхэлсэн. Түүний хувьд намдаа нэлээд нөлөө бүхий нэгэн бөгөөд гавьяатай нэгэн аж. Учир нь түүний хувьд өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн мөнгөн хандив өргөж байснаас гадна Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр батлуулахад идэвхтэй зүтгэжээ.

Харин Д.Батсайханы хувьд “Алтан гадас” фракцынх гэдэг утгаараа хүч түрэмгийлж байгаа. Түүний хувьд ХААН банкны Завхан аймаг дахь салбарын захирлаас тус банкны Гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн нэгэн. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-нд Төрийн банкныгүйцэтгэх захирлаар томилогдсон.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ