Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар хэн юу хэлэв

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан хамгийн ихээр яригддаг асуудал болох Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай зарим эрхмүүдийн байр суурийг сонссон юм.
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж:
"1990 онд 430 хүн Монгол Улсын өнцөг булан бүрээс цуглаад тухайн цаг үеийн ороо бусгаа нийгэмд баталсан гэхэд муу хууль биш. 22 жил мөрдөгдөөд, шалгуулаад ирсэн сайн хууль.
Гэхдээ амьдрал баялаг учир зарим зүйл заалтад дутуу зүйл байж болох талтай. Энэ талаас нь ярих зүйл байгаа байх. Огт хөндөхгүй гэдэг дээр би санал нэгддэггүй.
Бид анх УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага хэмээн баталсан. Түүнд ерөнхийлөгч болон УИХ-аа ард түмнээсээ сонгохоор тусгасан. Энэ 22 жилийн хугацаанд эрлийз засаглалын тогтолцоотой явахад хүргээд байгаа асуудал нь энэ юм.
УИХ нь төрийн дээд байгууллага гэдэг утгаар эрхээ хэрэгжүүлээд бүрэн ажиллаж чадаагүй. Тэр тусмаа Засгийн газрын гишүүд нь УИХ-даа орчихсон. Энэ нь анхнаасаа засаглалын тогтолцоог бүрэн сайн хийгээгүйтэй холбоотой юм.
Гэхдээ тухайн үед ийм тогтолцоотой байх нь зөв байсан байх талтай. Одоо бол засаглалын тогтолцооны хувьд өөрчлөлт байх хэрэгтэй болов уу гэж боддог. Энэ асуудал яваандаа шийдэгдэх байх. Бусад жижиг өөрчлөлтүүд байхыг үгүйсгэхгүй"
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
"Үндсэн хуулинд дутагдаад байдаг нэг заалт бол өөрөө өөрийгөө хамгаалах заалт.
Тэр нь юу гэхээр, ямар тохиолдолд Үндсэн хуулинд гар хүрч болохгүй, ямар үед бүх ард түмний санал хураалтаар өөрчлөлт оруулж болох вэ гэсэн тийм заалтууд дутагдалтай байдаг.
Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагыг Г хэсэг дээр өөрчлөлт оруулбал болох юм байна гэж хардаг. Гэхдээ энэ асуудал дээр нэлээн ярих зүйл бий"
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан:
“Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахдаа маш олон хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсан байдаг юм.
Үндсэн хууль маань дарангуйллаас ардчилал руу, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлд шилжих үүргээ гүйцэтгэлээ. Одоо хөгжлийн шинэ шатанд гарсан учраас өөрчлөх хэрэгтэй гэж байгаа бол шинэ Үндсэн хуулийн тухай ярих ёстой байх.
Намайг хувь хүнийхээ байр суурийг илэрхийлж байгаа гэдгийг ойлгохыг хүсье. Нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шинэчлэх нь бэрхшээлтэй байж магадгүй. Долоон заалтын нэмэлт, өөрчлөлтийн жишээг би сайн санаж байна.
Бараг шинэ жилийн баярын уур амьсгал орсон үед их шуурхай хэлэлцэж баталсан. Цэц дээр унасан. Төрт ёсны түүхэн уламжлалтай, ардчилсан орны хувьд Үндсэн хуульд бодлогогүйгээр хандах учиргүй гэсэн бодолтой явдаг”
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
"Бид Үндсэн хуульдаа байгаа маш чухал боломжуудыг гүйцэд нээж ойлгож, хэрэгжүүлж чадаж байгаа билүү? Манай иргэд, тэр ч бүү хэл УИХ-ын танхимд суугаа бидний хэчнээн нь Үндсэн хуулиа судалсан, үзэл санааг нь гүйцэд ухаж ойлгож байгаа вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Олон хүн үгүйсгэхээ л түрүүлээд байгаа харагддаг.
Ардчилал төлөвшсөн хууль дээдэлдэг орнуудад иргэндээ хүүхэд байхаас нь Үндсэн хуулийнхаа үзэл санааг ойлгуулахад их анхаарал тавьдаг юм билээ. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага огт байхгүй гэж хэлэхгүй.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой, Засаглалын хяналт тэнцвэрийг сайжруулахтай холбоотой зарим асуудлыг улам боловсронгуй болгох зарим тодорхой шаардлага амьдралаас гарч байгаа. Жишээ нь УИХ-ын гишүүн дан дээлтэй байх асуудлыг Үндсэн хуульд гар хүрэлгүй шийдэх бүрэн боломжтой.
Харин УИХ, Засгийн газрын тэнцвэрийг илүү сайн хангахын тулд Үндсэн хуулиар Ерөнхий сайдад УИХ-ыг тараах эрх олгох асуудлыг сайтар судалж, Үндсэн хуульдаа тусгаж болох юм. Парламентын засаглалтай олон оронд ийм зохицуулалт бий.
Харилцан хяналтын механизм байхгүй бол парламент хэт улс төржиж, Засгийн газар ажиллахад хэцүү болдог, улс орны ажил амьдралыг хойш татдаг жишээ олон бий.
Жишээ нь АНУ-ын конгрессийг хар л даа. Өнгөрсөн намар төсвөө батлахгүй хоёр талцаж Засгийн газар нь хэд хоногоор үйл ажиллагаагаа зогсоосныг хүртэл бид харж байсан. Манай 2000 оны Үндсэн хуулийг дордуулсан долоон заалт гэгддэг өөрчлөлт УИХ, Засгийн газрын зөрчлөөс болсон гэж олон хүн үздэг".
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ