"Сонгууль болохоор амь ордог намуудыг цэгцлэх шалгуур болно"

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Ардчилсан нам бүлгийн хуралдаанаар Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Улс төрийн намуудын тухай хуульд УИХ-ын сонгуульд суудалгүй намыг татан буулгадаг болох тухай заалтыг тусгажээ. Энэ нь сонгууль болохоор улстөржиж, амь ордог улс төрийн намуудыг цэгцлэхэд дээрх шалгуур болно гэж үзэж байгаа аж.

Мөн дээрх хуулийн хүрээнд улстөрийн намууд гишүүнчлэлтэй байх уу, гишүүнчлэлгүй байх уу гэдэг асуудлыг ч тодорхой болгох юм байна. Түүнчлэн улс төрийн намын үзэл баримтлалыг яаж суулгах, нам нь хэдэн настай байх, улс төрийн намуудад тавигдах шалгуур гээд олон заалтыг төсөлд тусгаж буй аж. Мөн улс төрийн нам нь орон нутагт улстөрждөггүй байх, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь иргэдээсээ сонгогддог байх, түүнд улстөрийн намууд оролцдоггүй болох зэрэг заалтыг Улс төрийн намуудын тухай хуульд суулгаж өгөх зүй ёсны шаардлага тулгарч байна гэдгийг бүлгийн гишүүд хэлжээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Сонгуулийн тухай хуулийн төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн тухай хууль зайлшгүй хөндөгдөж буй аж. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын гишүүн нь парламентаас гадна сонгогдохыг заасан. Тиймээс Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийхээ улстөрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэхээс эхлүүлээд олон зүйлийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх шаардлага үүсч буй аж.

Мөн энэхүү хуулийн төсөлд иргэд эрүүл ухамсартай сонголт хийх сонголтыг Сонгуулийн тухай хуульд шигтгэх, ард иргэдийн хуваагдлыг багасгах, асар өндөр сонголтоор сонгууль хийдэг тогтолцоог өөрчлөх. Үндсэн хуультай харшлахгүйгээр сонголт хийдэг болох, ингэхдээ өмнө гаргасан амжилтаасаа ухрахгүй түүнийгээ хамгаалсан Сонгуулийн хуулийг баталж гаргах ёстой гэх байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлсэн тухай Д.Эрдэнэбат дарга онцлов.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ