“Дан дээлтэй гарсан юмсан. Даараа болов уу, яагаа бол”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуулийн төсөл олны анхаарлыг татаж байгаа бөгөөд гишүүдийг талцуулж байгаа юм. Учир нь уг хуулийн төсөлд Засгийн газрын сайд нараас зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байхаар тусгасан байгаа. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайдаас бусад бүх сайд нь парламентаас гадна сонгогдох заалттай юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Үүнд УИХ-ын сонгуульд аль ч нам эвсэл олонхи болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно гэх заалт гарсан нь гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. Мөн УИХ-ын сонгуулийн дүнд олонхи бүрдсэн нөхцөлд 50 хувиас илүүгүй хувь нь Засгийн газрын гишүүн байж болно гэх санал дэмжлэг хүлээв.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нь УИХ-аас сонгогдож болно гэх санал гаргасан ч дэмжлэг хүлээж чадсангүй. Мөн хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдье гэх заалт гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Энэ үеэр зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Хуулийн төслийг 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ хэмээн заасан байгааг эсэргүүцэж байна. Үнэхээр ухаалаг төр лүү шилжих алхам хийх гэж байгаа бол үүнийг энэ оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх ёстой. Давхар дээлээ тайлаад дан дээлтэй больё гэсэн саналыг манай намын бүлгийн зүгээс гаргаж байна. Эцэст нь хэлэхэд энэхүү асуудлыг 2008 оноос хойш ярьж байна. Өнөөдрийг хүртэлд шийдэлд хүрээгүй байна. УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүний ажлаа гүйцэтгэхээр ирэхээр өөрсдийн алдаа завхралыг хайцаалаад өнгөрч байна. Нэг хүнд хэтэрхий олон алба оногдож, тэд ажилдаа түүртэж, дийлэхгүй байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байнгын хороодын гишүүн зэрэг ийм олон ажил хийгээд ирэхээр дан дээлэн дээр давхар дээл, бас хантааз нөмөрч байгаа юм биш үү. 2016 он хүртэл албан тушаалтай зууралдаад хойш татаад байх асуудал биш.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

“Энэ асуудлыг танай намынхан яагаад эрт хэлэлцээгүй юм бэ. Тэгээд ч Засгийн газрыг унагаах гэж хуулийн төсөл боловсруулах шаардлага байхгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн явдал. “Дан дээлтэй гарсан юмсан. Даараа болов уу, яагаа бол” гэсэн ардын дуу ч бий гэдгийг санах хэрэгтэй, С.Бямбацогтоо.” гэсээр гишүүдийн асуулт хариулт өндөрлөсөн юм.

Эцэст нь хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ