УИХ-ын гишүүдийн ухамсар л мэдэх асуудал

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан төсөл санаачлагч гишүүдийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэхэд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээний төхөөрөмж ашиглах заалт төсөлд үлдэх байсан юм.
Гэвч хуулийн төслийг санаачлагчид болох УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар зөвшилцсөний үндсэн дээр төслөө татан авч буйгаа мэдэгдсэн. Гэхдээ нь энэ нь ухралт хийж байгаа хэрэг биш харин цаашдаа дэгийн тухай хуулийн төслийг цогц байдлаар нь оруулж ирж гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх механизмыг оновчтой болгох үүднээс ийм алхам хийж байгаагаа бүлгийн дарга нар хэлсэн юм.
Ингэснээр УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ өгөх асуудал хойшлогдож байгаа юм. Зарим гишүүд энэхүү хурууны хээгээр ирцээ өгөх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан асуудал хэмээн эсэргүүцэж байгаа юм. Угтаа бол төрийн ажлын тасалдуулахгүйгээр явуулах гэсэн нэг арга. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Учир нь өмнө бол тухайн гишүүн нь хуралдаанд оролцоогүй байхад түүний өмнөөс хэн нэг гишүүн картыг нь хийж, кноп дардаг. Хуулиар хэн нэг гишүүний өмнөөс санал өгөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл орж гарах болбол зүгээр л ойрхон байгаа нэгэнд эсвэл ширээний найздаа найдаад явдаг жишиг тогтсон. Дараалсан олон санал хураалт буюу зарчмын зөрүүтэй санал хураах үед урд, хойд гээд өөрийн ойролцоо суугаа гишүүдийн өмнөөс ганцхан хүн товчлуур дараад л явчихдаг. Төгөлдөр хуур тоглож байгаа мэт эрхэм гишүүд бусдын өмнөөс хуулийн төслийг дэмжиж байна, дэмжихгүй гээд товчлуур дараад л... Ингээд л хууль баталчихаж байгаа юм.
Үүнээс гадна энэ удаагийн парламентийн хамгийн ихээр асуудал дагуулж байгаа асуудал бол гишүүдийн ирц. Иргэдээ төлөөлж, эх орныхоо ирээдүйг хөтлөх учиртай тэд ажилдаа ирэхгүй, хурал хойшлуулсан явдал байнга гарах болсон. Энэ байдлыг таслан зогсоох гэж энэхүү хуулийн төслийг оруулсан боловч УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар буцаан татлаа.
Ямартай ч, УИХ-ын гишүүдийн хуралдаа суух нь тэдний ухамсарын асуудал болж үлдэж байна. Харин хэр ухамсартай гэдгийг бас хэзээ хуулийн төслийг боловсронгуй болгож оруулж ирэхийг хүлээх л үлдлээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ