Г.Шийлэгдамба: Тэр тусмаа Э.Батшугарын хувьд үгүй байх

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын Их чуулган хэзээ болохоор товлогдсон бэ. Хэчнээн төлөөлөгч оролцох гэж байна вэ?
-Их чуулган хуралдахаас өмнө намын Бага чуулган хуралдах ёстой. Бага чуулган хуралдаж байж Их чуулганы тов батлагдана. Бага чуулганы хувьд ирэх сарын дундуур хийхээр төлөвлөөд байна. Харин Их чуулганы хувьд нэгдүгээр улиралдаа багтаж хуралдахаар төлөвлөсөн байгаа. Төр засаг, ард иргэдийн хоорондын харилцаа ямар түвшинд байна вэ, ард түмний амьдрал сайжирч байна уу, үгүй юу. Төр нь төр шиг ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Ард түмний итгэлээр сонгогдсон УИХ-ын гишүүд нь ард түмэнтэйгээ ойрхон байж чадаж байна уу зэрэг олон асуултад хариу өгөх хамгийн тохиромжтой цаг нь оны эхний улирал байдаг юм. Үүнтэй холбоотой бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ. Их чуулганд оролцоно гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?
-Н.Энхбаяр даргын биеийн байдал сайжирч байгаа. Гэхдээ сайжирч байгаа гэдэг нь өнөө маргаашгүй хүрээд ирнэ гэсэн үг биш. Тодорхой үе шаттайгаар эмчлэгдэж байгаа эмчилгээний цаг хугацаанаас хамаарах асуудал. Манай намын гишүүд, дэмжигчдийн хувьд Н.Энхбаяр даргыг эх орондоо хурдан ирээсэй хэмээн хүсч байгаа. Өөрийнх нь хувьд бол оролцох хүсэлтэй байгаа. Яг орно, оролцохгүй гэдэг талаар хэлэхэд хэцүү байна.
-Н.Энхбаярын дэргэд гэрийн бүлийнхэн байгаа юу?
-Гэр бүлийнхэн байгаа.
-Сүүлийн өдрүүдэд Н.Энхбаяр даргын хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй гэсэн яриа байна. Энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу?
-Энэ талаар бид мэдэх боломжгүй. Би бол үгүй байх гэж найдаж байна. Тэр тусмаа Э.Батшугарын хувьд үгүй байх. Монголбанкны дотоод асуудалд аль нэг улс төрийн хүчинь оролцох ёсгүй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва намаасаа хөөсөн гэх мэдээлэл цацагдах боллоо?
-Энэ бол ташаа мэдээлэл. Д.Тэрбишдагва дарга О.Баасанхүү гишүүнийг намаасан хөөсөн тийм асуудал гараагүй. О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа тиймэрхүү хандлага авахуйц мэдээлэл өгсөн гэж сонссон. Гэтэл арай өөр утга илэрхийлснийг нь хэвлэлийнхэн дүгнэж авч үзэхдээ нэг нь хөөж, нөгөө нь хөөгдсөн мэтээр мэдээлсэн байсан.
-Улс төрийн намын тухай хуулинд жижиг намуудыг шахах гэсэн утга бүхий заалтыг Ардчилсан намын бүлгийн зүгээс орууллаа. Гуравдагч хүчний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан намын хийсэн энэхүү мэдээлэлтэй холбогдуулан манай нам дээр хэлэлцүүлэг болно. Харин миний хувьд улс төрийн нам ийнхүү хааж шахна гэж байгаа нь буруу. Харин УИХ-д суудалтай намуудыг улсын төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд явах ёстой гэж бодож байна.
-Говь-Алтай аймагт нөхөн сонгууль болох гэж байна. Танай намаас сонгуультай холбоотойгоор ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай нам 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж оролцох эрхийнхээ дагуу хандсан ч, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо боломж олгоогүй юм.
Тэр үйлдэл нь өөрөө Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Тиймээс Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооноос шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Улсын Дээд шүүх авч хэлэлцээд зохих шийдвэрээ гаргасан юм. Шүүхээс орон нутгийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшүүлж, оролцох МАХН-ын эрх зөрчигдсөн гэж үзсэн тул дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тэр шийдвэрийн дагуу энэ сарын 19-нд дахин сонгуулийн санал хураалт явагдах гэж байна. Нийт 17 тойрогт дахин сонгууль болно. Таван тойрогт нэр дэвшүүлэх бол бусад тойрогт намын нэрсийн жагсаалтаар санал хураах юм. Улс төрийн гурван нам дахин сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөж байгаа. Нэр дэвшигчээ сурталчлах, тодорхой мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажил эхлээд явагдаж байна. Мөн манай намаас УИХ-д суугаа гишүүд тухайн бүс нутагт ажиллаж байгаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ