МАН-ын улстөржилт хэрээс хэтэрч байна

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргад АН-ын бүлгээс нэр дэвшигч Р.Гончигдоржийг сонгох эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнө МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд СХД-ийн дахин санал хураалтад “ялсан” Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхийг шаардаж, улмаар уг асуудлаар завсарлага авсан юм.

Ардын намынхан нөгөө намын бүлгийн ажилд хүртэл хэт хошуу дүрж байгаа энэхүү үйлдэл нь тэдний улс төржилт хэрээс хэтэрч байгааг харуулж байгаа юм. Учир нь УИХ-ын тухай хуулиар  бүлэг бүр дэд даргад гишүүнээ сонгох эрхтэй байдаг. “Шударга ёс” эвсэл, МАН-ын бүлэг ч энэ хуулийн дагуу өөр өөрсдийн хүнээ дэд даргад “сэтэрлэсэн”. Энэ удаа экс дэд дарга С.Баярцогт албан тушаалаасаа огцорсон тул түүний оронд өөрийн хүнээ сойх нь Ардчилсан намын бүлгийнхний эрх бөгөөд үүрэг нь. Гэтэл сөрөг хүчнийхэн эл асуудлаар барьцаалж, Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхээр улайрч байна.

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын нэгний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “... сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1 дэх хэсэг, 46-р зүйлийн 46.1 дэх хэсэгт “20.00” гэснийг “22.00” болгож, тус тус өөрчилсүгэй ... Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2012 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхэлж дагаж мөрдөнө” гэж тусгасан байдаг. Энэ хуулийн дагуу БЗД-ийн нөхөн сонгууль 22.00 цаг хүртэл үргэлжилснийг бид мэднэ. Цагаан дээр хараар бичсэн ийм тодорхой зүйл дээр маргалдаж мэтгэлцэх нь цаг алдаж, хэн хүний нерв барахаас улс орны эрх ашигт лав нийцэхгүй.

УИХ-ын түүхийг сөхвөл, 2004 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшсэн З.Энхболд, 2008 оны сонгуульд нийслэлийн БГД-т нэр дэвшсэн С.Эрдэнэ нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг жил гарны дараа батламжилж, тангараг өргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү тохиолдол урьд нь гарч байсан ч тухайн үеийн сөрөг хүчин хүлээцтэй хандаж байсан. Харин өнөөгийн сөрөг хүчин асуудал бүрийг улс төржүүлэн дэвэргэж, барьцаалан шантаажлах маягаар хандаж байгаа нь улс орны хөгжилд чөдөр болсоор байна. Ёстой л сөрөг биш сөрөх хүчин болчихоод байна даа.

 

 

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ