Говь-Алтайн ИТХ-д МАХН анх удаа намын бүлгээ байгуулах болжээ

Говь-Алтай аймгийн сонгуулийн талаар МАХН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө. Хуралд тус намын нарийн бичгийн дарга З.Батбаяр, П.Ангараг болон Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар оролцов.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Дугаржав “Энэ удаагийн дахин сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт ИТХ-ын нийт 35 төлөөлөгчөөс АН 17 суудал, МАН 13, МАХН 4 суудалтай, нэг бие даагчтай болж байна. Тэгэхээр аймгийн ИТХ-ын 35 суудлын 17-г АН авсан тул дангаараа ажиллах боломж бүрдээгүй байна. АН олон суудал авсан боловч олонхи болж чадаагүй учраас аль нэг намтай хамтарч засгаа бүрдүүлэх байх. МАХН-ын хувьд Говь-Алтай аймгийн ИТХ-д анх удаа дөрвөн суудалтай болж аймгийн ИТХ-д намын бүлгээ байгуулахаар боллоо. Бидний хувьд энэ бол амжилт” гэв.

Мөн өнөөдөр 11.00 цагаас МАХН, Бага чуулганы гишүүн гэх Г.Баярсайхан,“Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллагын тэргүүн гэх Б.Цэрэндорж нарын хүмүүс МАХН-ыг татан буулгахаар мэдээлэл хийсэн. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр “Аливаа нэг намыг шууд татан буулгах, үйл ажиллагааг нь таслан зогсоох үйлдэл зөвхөн социалист, фашист дэглэмийн үед л гардаг. Гэтэл ардчилсан нийгмийн өнөө үед бусад аль нэг нам жижиг намуудын үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцож, татан буулгана гэж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. МАХН-ын хувьд шударгаар өрсөлдөж, шударгаар ажиллахыг уриалдаг. МАХН-ын гишүүд гээд байгаа Г.Баярсайхан тэргүүтэй хүмүүс захиалгаар ажиллаж байгаа. Хүсвэл Тусгаар тогтнолын ордны 306 тоотод очоод үзээрэй. Тэр тэнд хэн нэгнээс урамшуулал, цалин авсаныхаа хариуд МАХН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хагалан бутаргах, үймүүлэх ажиллагаа хийж байгаа. Та бүхэн санаж байгаа бол Говь-Алтайн сонгуулийн үеэр манай намынхны уулзалтыг үймүүлж байсан хүмүүс бол тэр Г.Баярсайхан тэргүүтэй хүмүүс юм” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ