Ц.Шаравдорж МАХН-д элсэх нь үнэн

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж нарыг МАХН-д эргэлт буцалтгүй орохоор болсон талаар мэдээлэл цацагдаад байсан. Харин энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “Ц.Шаравдорж даргын хувьд гишүүнээр элсэхээр болсон. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй бол энэ талаар ярилцаагүй. Харин Ц.Шаравдорж даргыг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ирнэ гэдэг мэдээлэл бол худлаа. Намын гишүүнээр л ирнэ” гэв.

Ц.Шаравдоржийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан юм. Түүнийг МАХН-ын гишүүчлэлээ сэргээж магадгүй гэсэн энэхүү бор шувуу аль 2012 оноос хойш нисч байгаа. Тэрбээр энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй бөгөөд“Миний хашиж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол намаасгарсан байхыг хуулийн дагуу шаарддаг юм. Тиймээс би тухайн үед энэ албанд томилогдохдоо МАХН-аас гарсан. Түүнээс хойш нам маань 2 хуваагдчихсаныг бид бүхэн мэднэ шүү дээ. Нэрээ өөрчилж МАН болсон нэг хэсэг, мөн хуучин МАХН нэрээ авч үлдсэн нөгөө хэсэг гээдүйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Ёстой нөгөө Балтын хэлдэг шиг “Улаантан, цагаантан гээд байгаа шүү, 2-уулаа адилхан шав шар юм байж..." гэдгийн үлгэр л болж байна даа. Тиймээс, одоогоор “намуудынхаа” гишүүнчлэлээ сэргээгээгүй л явна даа. Ганц хүний гишүүнчлэл сэргээхээс илүү чухал асуудал байна, үүнд сэтгэл зовниж, шийдвэрлэхийн төлөө хувь нэмрээ оруулъя гэж бодож байна” гэсэн тайлбарын тухайн үед өгч байжээ.

Түүнийг МАХН-д элсэхэд олон зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяртай тун ойрхон удирдлагад нь ажиллаж байсан. Мөн түүний эхнэр Ц.Эрдэнэчулуун аль хэдийн МАХН-д элссэн бөгөөд 2012 онд Өмнөговь аймагт МАХН-ын жагсаалтын хоёрт бичигдэн нэр дэвшиж байсан юм. Ямартай ч олон жил яригдсан энэ асуудал ийнхүү нэг тийш боллоо. Гэхдээ түүнийг МАН-ынхан дэмжиж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилож байсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ