Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан хаачив

Өчигдөр болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Монгол Ардын намын бүлгийнхэн “Асуулга” нэртэй шоу дэглэв. Тэднийхээр Хотын дарга Э.Бат-Үүлийн удирдаж буй шинэчлэлийн багийнхны хийж, хэрэгжүүлж буй ажил нийслэлийн иргэдэд таалагдахгүйгээр бархав, МАН-аас эрх баригчдад хүлээлгэн өгсөн Улаанбаатар хот хүн амьдрах аргагүй болсон юм байх. Тиймдээ ч сар бүр хуралддаг болсон НИТХ-ын 12-р сарын хуралдааныг хойшлуулан байж шоудсан асуулгад Хотын дарга өчигдөр хариулт өглөө. Гэвч тэдний шоу нь жинхэнэ хошин шог болж. Хэрэндээ л Э.Бат-Үүл даргын балгийг дэлгэх гэж хичээсэн ч өнөөх нь үндэслэлгүй гүтгэлэг болж хувиран мад тавиулаад дуусчээ. Сав л хийвэл Хотын даргын хормойноос зүүгдэн тэрүүхэндээ хөөрхөн улс төр хийчихдэг бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан огт харагдсангүй. Энэ удаад түүний үүргийг МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр гүйцэтгэжээ. Сураг сонсоход АНУ-д суралцахаар явсан гэнэ. Хэн дуртай аавын хүү нь явж чаддагүй Их гүрэнг зорьсоныг бодвол Д.Амарбаясгалан багагүй бэлтэй байх нь. Хотын утаанаас дайжсан уу, Улсын баатарын эсрэг зогсоход мэдлэг дутсанаа мэдэв үү өвлийн улиралд тив алгасан нутаг сольжээ. Гэвч түүний эзгүйд намын нөхөд нь хөгөө чирж сууна. Өчигдрийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар гэгч “Кендикраш” тоглож байгаа зураг цахим ертөнцөд од болов. Бүлгийн гишүүд нь Хотын даргад асуулга тавиад сүр дуулиан болж байхад мань хүн наана нь тоосон шинжгүй тоглож суух нь тэр. Сөрөг хүчнийхний энэ байдлыг харсан зарим хүмүүс арай л болоогүй байна дээ хэмээн толгой сэгсэрч байгаа харагдлаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ