Дэд сайдууд баяртай болох уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын индрээс тогтсон бүтэц, бүрэлдэхүүнтэй Засгийн газартай байвал улс оронд хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлсэн юм.

Гэтэл энэхүү яриа биеллээ олж байх шиг байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, өөрчлөх тухай бор шувуу саарал ордонд нисч эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Их тэнгэрийн аманд нэгэн чухал уулзалт зохион байгуулж, энэхүү асуудлын хүрээнд нэр бүхий хүмүүстэй зөвлөлдсөн мэдээллийг эх сурвалж хэллээ. Шинэ бүтэц бүрэлдэхүүнийг тэртээх 1996-2000 оны Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зохион байгуулахаар ярилцсан бөгөөд энэ удаад дэд сайдын албан тушаал үгүй болох магадлал өндөр байгаа гэнэ.

Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүтцэд нийт есөн яам ажиллана гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Уул уурхайн яам үйл ажиллагаа явуулах нь.

Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн Үйлдвэржилтийн Засгийн газар нэр дор ажиллана. МАН болон Ардчилсан намын хамтарсан гэсэн тодотголтой энэ удаагийн үйлдвэржилтийн Засгийн газрын сайдуудад МҮДН, Алтангадас, МоАХ, МАН-ын фракцуудыг ижил тэнцүү хувиар оруулахаар ярилцсан мэдээлэл байна. Тухайлбал, Үйлдвэржилтийн засгийн газрын сайдуудад Ардчилсан намаас М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан нарын нэр яригдаж байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ