Төрийн гурван өндөрлөг ахмадуудтай золголоо

Төрийн гурван өндөрлөг Монгол Улсын хамгийн өндөр настай арван бууралд хүндэтгэл үзүүлэн золголоо. Золголтод Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн Хамба лам Д.Чойжамц мөн оролцож төр нь шашиндаа, шашин нь төрдөө хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жилийн золголтод: 1. Увс аймгийн Цагаан хайрхан сумын харъяат Ш.Түмэнхүү /93 настай, эм/, 2. Увс аймгийн Зүүнговь сумын харъяат К.Дүүдээ /98 настай, эм/ 3. Архангай аймгийн харъяат Г.Нанжид /106 настай, эм/ 4. Баянхонгор аймгийн Заг гол сумын харъяат Л.Халзан /93 настай,эр/ 5. Дундговь аймаг, Өлзийт сумын харъяат Н.Өвөг / настай,эр / 6. Баянхонгор сумын харъяат С.Шижээ /95 настай, эр/ 7. Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Д.Дармаа /90 настай, эм / 8. Архангай аймгийн Хашаат сумын харъяат Г.Цэрэндулам /95 настай, эм/ 9. Завхан аймгийн харъяат С.Сүрьяа /100 настай, эр/ 10. Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат Д.Жавзан /91 настай, эм/ нар оролцсон юм.

Энэ үеэр Төрийн гурван өндөрлөг нийт монголчууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Нийт монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Өргөн хотлоороо сайхан шинэлж, сар шинэдээ сайхан орж байгаа гэж найдаж байна. Төрийн их ордонд 93-107 настай ахмадуудтайгаа золголоо. Энэ жил сайхан жил гарч байна. Морин жил гэдэг монгол түмэнд хийморь буянаа өгсөн ийм сайхан жил байдаг. Морин жилд монгол түмний түүхэнд олон сайхан үйл явдлууд тохиолддог. Энэ жил ч гэсэн монгол түмний хөгжлийг урагшлуулсан, түүхийг улам баяжуулсан олон сайхан үйл явдлаар баяжуулсан дүүрэн жил болно гэдэгт итгэж байна. Бидэнд хийж бүтээх ажил их байгаа. Энэ морин жил бол монгол түмний хувьд хийх бүтээх жил байгаа. Олон олон асуудлыг ард түмнийхээ тусын тулд бид шийдэх шаардлагатай, хийх ажлаар дүүрэн ийм агуулгатай жил болж байгаа. Өвгөд хөгшидөө хүндэлж, хүүхдүүдээ сайхан хүндэлж, соёл уламжлалаа түгээж, сайн зүйлсийг ярилцаж, сайхан ерөөл хэлэлцэж, нийт ард иргэд маань өргөн хотлоороо өнөр өтгөн сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмний маань буян заяа улам дээшээ мандан бадарч байх болтугай.

УИХ-ын дарга З.Энхболд

Сайхан шинэлцгээж байна уу. Өнгөрсөн усан могой жил монголчуудын хувьд сайхан жил байлаа. Улсын Их Хурал олон шийдвэр гаргасан. Түүнээс хэдэн шийдвэрийг онцолж хэлье. Монгол Улс анх удаагаа байгалийн баялагтайгаа зохицож ашигт малтмал ашиглах эрдэс баялагийн бодлоготой боллоо. Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгаварладаггүй хөрөнгө оруулалтын хуультай боллоо. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэл үргэлжилж байна. Ирж байгаа модон морин жил монголчуудын хувьд их сайхан жил гарч байна. Өнгөрсөн жил хүн ам маань бараг гурван сая, мал 45 сая хүрсэн ийм сайхан өнтэй жил боллоо. Ингээд ирж байгаа модон морин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ЕрөнхийсайдН.Алтанхуяг

Монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. Улиран өнгөрч байгаа могой жил маань та бидэнд үр өгөөжөө өгсөн, бүтээн байгуулалтаа босгосон ийм сайхан он жил байлаа. Одоо морин жил маань гарч байна. Морин жилдээ монголчууд маань айл өрх бүхэн хүн бүхэн улам их эрч хүчтэй байж, эрүүл энх байж хамтдаа их зүйлийг монголдоо хийж бүтээцгээе. 2014 оныг Шинэчлэлийн Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” гэж уриалсан байгаа. Энэ уриан дор эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бие биедээ дэм болж, бие биенийхээ хийж бүтээж байгаа бүхнийг дэмжиж тусалж, хамтдаа олон сайхан зүйлийг монголдоо хийж бүтээцгээе. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй. Гарч байгаа модон морин жилдээ бүгдээрээ эрүүл энх, аз хийморьтой явахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ