Нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ

Шинэчлэлийн хурлаас МАН-ын шинэ удирдлагын ээлжит бүтцийн өөрчлөлт нийслэлийг чиглэсэн байна. Учир нь Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн суудал ганхаж эхэлсэн байна. Өнгөрсөн 2012 оны наймдугаар сард намын ээлжит хурлаар нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуйг томилсон юм. Гэвч түүний суудлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ганхуулж эхэлжээ. Тэрбээр намын шинэ удирдлагатай уулзаж, нийслэлийн намыг толгойлох хүсэлтэй байгаагаа уламжилж байгаа нь одоогийн дарга Ц.Сандуйг сандрал оруулсан байна. Д.Сумъяабазар гишүүний хувьд “Би нийслэлийг авна. Хотыг бүхэлд нь гартаа оруулж байж л нэгдсэн бодлого явуулж чадна. Та нар намайг зөвхөн бөх гэдэг нүдээр битгий хараад бай. Надад нийслэлийг бүхэлд нь удирдах амбиц байна” гэсэн бор шувуу намын нөлөө бүхий эрхмүүдэд хүргэж, дэмжлэг хүсч байгаа аж.
Одоогийн дарга Ц.Сандуйн хувьд бол намдаа нийт олон түмэндээ нэр муутай. Газрын наймаагаар гаршсан хэмээн хэвлэлээр цоллуулдаг түүнийг намыг гишүүд дэмжигчид нь тэр бүрчлэн таниад байдаггүй. Энэ бол түүнийг унагах нэг том алхам. Үүнээс гадна тэрбээр анх даргаар сонгогдохдоо намдаа нэлээд хэл амыг дагуулсан. Тэрбээр экс гишүүн Ц.Батбаяртай өрсөлдөж, нийслэлийн намыг тэргүүлэх болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлийн нам амжилт гэхээс илүүтэйгээр ялагдлыг араасаа чирсэн. Түүний хувьд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулж, Д.Сумъяабазарыг гишүүн болгосон гэх ганцхан гавьяатай. Энэ мэтчилэн нийслэлийн намын хорооны дарга энэ удаад суудлаасаа мултарч тоглоомын гадна үлдэх нь тодорхой болоод байна.
Д.Сумъяабазар гишүүний хувьд нийслэлийн намын хороог удирдахыг үгүйсгэхгүй. Явцын дунд шинэ хүн ч гарч ирэхгүй л бол тэрбээр нийслэлийн намыг хороог удирдана. Гэхдээ түүний эсрэг кноп дарахад нэг л зүйл нөлөөлнө. Түүнийг намын зарим нөхөд нь өнөөдрийг хүртэл улстөрч гэхээс илүүтэйгээр спортын хүн гэж хардагтай холбоотой юм. Үүнийг эсэргүүцэж чадвал Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн намыг удирдана. Ямартай ч Д.Сумъяабазар гишүүний хувьд оройхон эхлээд ширүүхэн дайрахаар шийдсэн бололтой.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ