Ажилдаа шинэчлэлт өөрчлөлт оруулж, сэргэг байдлаар ажиллахыг үүрэгдэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Тэрбээр хурлын эхэнд өнгөрсөн сард хийсэн онцлох ажлаас нэрлэв. Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг Монголдоо бүтээх жил болгосон талаар олон нийтэд танилцуулсан. Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдын уулзалтыг нийслэлд амжилттай зохион байгуулсан. Салбарын сайдууд “Бүтээн байгуулалтын цаг”-аар болон Засгийн газрын "11-11" төвд очиж, тодорхой хуваарийн дагуу мэдээлэл хийдэг болсон. Засгийн газар импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 1151 төсөл хүлээн авч, эхний шатны шалгаруулалтыг явуулж байгаа. Найман аймгийн Дулааны станцын асуудлыг шийдвэрлэх шатандаа яваа. Сар шинийн баяраар Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай золголт хийсэн. Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг болон Давост болсон эдийн засгийн чуулга уулзалтаар Монголоо сурталчилсан өдөрлөгийг сайн зохион байгуулсан. Жилд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүдэд татварын буцаан олголт өгдөг болох, НӨАТ-ын босгыг 10 саяас 50 сая хүргэх хуулийн төслийг өргөн барьсан зэрэг ажлыг Ерөнхий сайд дурдлаа. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн “Баянхонгорт үйлдвэрлэв” дэлгүүр, Орхон аймгийн маскны үйлдвэр, Дорноговь аймгийн ингэний ферм зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг сайн ажил болсон гэж цохон тэмдэглэв. Аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлын үеэр аймгийн Засаг дарга нар асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авлаа. Ерөнхий сайд аймгийн удирдлагуудад хандаж, “Энэ жилээс аймгуудын ажлыг дүгнэдэг аргачлалыг өөрчилж байгаа. Хөрөнгө оруулалтыг орон нутагтаа хэр хэмжээтэй татав, ажлын байр хичнээнийг шинээр гаргав гэх зэрэг хэдхэн үзүүлэлтээр дүгнэнэ. Иймд ажилдаа шинэчлэлт өөрчлөлт оруулж, сэргэг байдлаар ажиллаарай” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ