Д.Ганхуяг: Монголын эрдэс баялаг, Японы дэвшилтэт технологи нь цоож түлхүүр лугаа адил шүтэлцээтэй

Монгол, Японы үасгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын 6 дугаар зөвлөлдөх уулзалтад уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн 6 дугаар Зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хоёр улсын хувийн хэвшлийн херөнгө оруулалтанд суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хөгжлийн боломж, чадавхийн талаар мэдээлэл, санал солилцох механизм болж төлөвшиж буй энэхүү уулзалт эдүгээ 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар өөрийн орны байгалийн баялагын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангах зорилттой ажиллаж байна.Эдийн засгийн бүх салбарт ялангуяа Геологи Уул Уурхайн салбарт Монгол орны үнэ цэнэтэй эрдэс баялагийн түүхий эд, Японы санхүү- эдийн засгийн чадавхи, байгальд ээлтэй техник-технологийн дэвшил нь цоож түлхүүр лугаа адил шүтэлцээтэй болохын хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлд гаргах боломжийг бүрдүүлнэ хэмээн итгэж байдгийг тэмдэглэхийг хусч байна.
Энэ үүднээс эдийн засгийн харилцааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлж идэвхжүүлэх зорилго бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг Япон Улсын Засгийн газартай ойрын үед байгуулахаар ажиллаж байна.
2012 оны 5 дугаар сард баталсан “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуульд гадаадын хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур буйгаа нэг бус удаа илэрхийлсээр ирсэн. Шинэчлэлийн Засгийн газар саяхан уг хуульд өөрчлөлт оруулж баталлаа.
Энэ хуульд орсон еерчлелтийн гол агуулга нь стратегийн ач холбогдол бухий салбарт уйл ажиллагаа явуулж буй зевхен төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо нь 49 хувиас дээш гадны аж ахуйн нэгжид хамаарахаар болсон явдал юм.Мен херенге оруулалтын хэмжээний 100 тэрбум төгрөгийн босгыг арилгасан болно.
Цаашид манай Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллана. Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, экспортыг төрөлжүүлэх, туухий эдийн экспортоос, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зонхилох экспортод шилжих, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ингэснээр эдийн засгийн тогтвортой еселтийг хангах юм.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд гадаадын харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, даяаршиж буй ертөнцөд эдийн засаг, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхиа дээшлүүлэх нээлттэй бодлогыг баримталж ирсний дүнд эдийн засгийн зарим нэг тодорхой үр дүнд хүрлээ.
2012 онд манай улсын эдийн засгийн өсөлт 12.2 хувь гарав. 2013 онд урьдчилсан байдлаар 15.5 хувь хүрэх төлөвтэй байна.
Монгол Улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийдэг бөгөөд 2012 онд худалдааны эргэлт 10.3 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.
Япон Улсын хувьд 1990 оноос 2012 онд нийт японы 530 гаруй компанийн 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд бүртгэгдсэн байна. Энэ нь манай улсад бүртгэгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1.6 хувийг эзэлж байгаа бөгөөд Япон улс хөрөнгө оруулагчдын жагсаалтын 11-т бичигдэж байна.
Японы хөрөнгө оруулалтын дийлэнх хувь буюу 48% нь худалдаа, нийтийн хоол, 18% нь хөнгөн үйлдвэр, 6% мэдээлэл, холбооны технологи, 7.3% нь банк санхүүгийн салбарт ногдож байна. Харин геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 2.7%, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 1.1% ногдож байна.
Хоёр улс 2011 онд 501 сая ам.долларын худалдаа хийснээс экспорт 11 сая ам.доллар, импорт 490 сая ам.доллар байсан бол 2012 онд Монгол, Японы хооронд хийсэн худалдааны нийт эргэлтийн хэмжээ 507 сая ам.долларт хүрч, экспорт 5.7 сая ам.доллар, импорт 501 сая ам. доллар тус тус болжээ. Манай экспортын бараа бүтээгдэхүүнд чулуун нүүрс, малын гаралтай бүтээгдэхүүн,зэс молибдены баяжмал зэрэг бүтээгдэхүүн орж байна. Японоос автомашин, хүнсний бүтээгдэхүүн, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа, уул уурхай, барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл авч байна.
Хоёр орны худалдааг өсгөх, ялангуяа манай улсын экспортыг нэмэгдүүлэх шаардлага өндөр байна. Манай 2011 оны Японд гаргасан экспортын 70 хувийг чулуун нүүрс эзэлж байна. Цаашид энэ тоо өсөх магадлал өндөр байна. Манай улсаас Японд экспортлох боломж бүхий “эко брэнд бүтээгдэхүүн”-ийг шинээр олж нээх шаардлага байна. Монголын "Жамц Давс"-наас гадна Чацарганыг “Монголын брэнд бүтээгдэхүүн” болгож Японд экспортлохоор чармайж байна. Манай улсаас Японд экспортлох салаа туурайт малын гаралтай халуун уураар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд тавих шаардлагуудыг тусгасан мал эмнэлгийг сертификатыг хоёр тал албан ёсоор тохирсон хэдий ч одоогоор Монголоос эл аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн төдийлөн экспортлогдохгүй байна. Японоос манайд оруулж буй импортын 70 орчим хувийг суудлын тэрэг эзэлж байна. Үүний дийлэнх нь хуучин автомашин байна.
Худалдааны хэмжээ өсч байгаа хэдий ч экспорт, импортын баланс болон худалдааны бүтцээс харахад хоёр орны худалдаа харилцан ашигтай бус, өрөөсгөл шинж чанартай байгааг бид анхаарах ёстой. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал нь улс төрийн харилцааны түвшин, эдийн засгийн бодит боломжтой харьцуулахад чамлалттай байна.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих “Эрч” санаачлага дэвшүүлснийг манай тал талархан хүлээн авсан бөгөөд уг санаачлага нь хоёр орны эдийн засгийн харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулна бат итгэж байна. Санаачлагыг бодит ажил хэрэг болгоход та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно.
Монгол улсын Засгийн газар Хедөө аж ахуйн ,уул уурхай, үйлчилгээний болон тээвэр ложистикийн салбарыг тэргүүлэх зэрэглэлийн салбараар заралсан. Энэ 3 салбарын 2 нь экспортын салбар билээ.
Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийн нэр төрөл, нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж байна. Та бүхний сайн мэдэх Оюу толгойн зэс, алтны орд, Таван толгойн нүүрсний ордоос гадна бусад ордуудын баялгийг ашиглахад оролцох гадаадын уул уурхайн компаниудын сонирхол өндөр хэвээр байна.
Гэхдээ зөвхөн уул уурхайн салбарыг шүтэж,бусад салбарыг орхигдуулах нь өрөөсгөл тул түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын нэр төрлийг олшруулах, олон худалдан авагчтай зах зээлтэй болох, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг манай засгийн газар баримталж байна.
Манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нь дээшлүүлэхэд бид онцгой анхаарч байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр хийсэн бараа, бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортод ердөө 10 гаруй хувийг эзэлж буйг цаашид нэмэгдүүлэх зорилт, шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм.
Уул уурхай, хөдөө аж ахуй, салбараас гадна байгаль орчин, аялал жуулчлал болон мэдээлэл, харилцаа холбооны салбарт дэвшилтэт, өндөр технологи бүхий улс орнуудын техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтарч ажиллах зорилт тавьж байгаа бөгөөд энэ чиглэлд Японтой хамтарч ажиллах, техникийн болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авах сонирхолтой байна.
Эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний хангамжийн асуудал нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Энэ асуудлаар баримталж буй бодлогын талаар өнөөдөр тодорхой илтгэлүүд тавигдана.
Худалдааны таатай нөхцөл бүрдүүлэх, хөнгөвчлөх, саад тотгорыг арилгах талаар хоёр тал хамтран ажиллах бодит шаардлага байгаа бөгөөд бид энэ байдлыг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг хэлэлцэн зөвлөлдөх зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Хүндэт төлөөлөгчид өө,
Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр орны хооронд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр талын Засгийн газар, хувийн хэвшлийн нэгдсэн хамтын ажиллагаа чухал бөгөөд энэхүү зөвлөлдөх уулзалтад манай Засгийн газар өндөр ач холбогдол өгч байна.
Өмнөх 5 дугаар уулзалтад японы талаас асууж, шийдвэрлэхийг хүсч байсан зарим нэг асуудалд доорхи байдлаар хариу өгье.
1. Гуравдагч орны дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн тухай Хятад Улс болон Орос Улстай хийж буй яриа хэлэлцээ болон тохиролцооны тухайд:
Оросын холбооны улстай тээвэрлэлтийн талаар яриа хэлэлцээрийг 3 дугаар сард урьдчилсан байдлаар хийж дараагийн хурлуудаар хэлэлцэхээр болсон ерөнхий хорооны, комиссын хурлуудаар оруулна авч үзнэ. БНХАУ-тай дамжин өнгөрүүлэх тээврийн тухай 5 дугаар сард яриа хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна.Энэ талаарх
Дэлгэрэнгуй мэдээлэлийг энэ хуралд ЗТ яамнаас оролцох төлөөлөгч мэдээлнэ.
2. Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлын хэрэгжилтийн явцын тухайд:
Шинэ олон улсын нисэх онгоцны буудал байгуулах төслийн нэмэлт зээлийн гэрээний асуудалд хоёр тал тохиролцоонд хүрсэн. Ирэх сараас газар шорооны ажил эхлэнэ.
3. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн тухайд:
Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн гуравдугаар үе шатны хэлэлцээ 2013 оны 4 дүгээр сарын 2-5-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан. Хоёр талын холбогдох яамд, агентлагуудаас нийт 100 гаруй шинжээчид хэлэлцээнд оролцсон. Дараагийн үе шатны хэлэлцээ Токиод болно. Хэлэлцээний товыг талууд харилцан тохиролцох болно.
Та бүгдийн ажил хэрэгч яриа хэлцэл, үнэтэй зөвлөмж, идэвхи санаачлага хоёр орны худалдаа, эдийн засгийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
www.mm.gov.mn
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ