С.Баяр, Сү.Батболд нарыг хэн намаас хөөв?

Сүүлийн үед МАН дотооддоо хагаралдаж байна, ингээд зогсохгүй намынхаа лидерүүд болох С.Баяр, Сү.Батболд нарыг гишүүнээсээ хаслаа хэмээн хэвлэлүүд бичсээр л байна. Энэ мэдээлэл анх Сүхбаатар дүүргийн МАН-ын анхан шатны хурлаас үүдэлтэй цацагдсан.

Тухайлбал, тэр хуралд намын удирдлагыг гартаа авсан М.Энхболдын гэгдэх хүмүүсээс бусдыг хөөн гаргаж улмаар Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар болоод У.Хүрэлсүхийг дэмжигч хэсэг залуусыг бүгдийг нь намын хорооны анхан шатны хурлын гишүүнээс хассан гэнэ.

Үүнийг намын дарга М.Энхболд тэргүүтэй хотын фракц дүүрэг бүрт эрх мэдлээ баталгаажуулахын тулд эсрэг фракцийнхаа гишүүдийг шахах ажлыг эрчимжүүлсэн хэмээн тайлбарлаж байна. Дээр дурдсан томчуудыг намын анхан шатны хурлаас хасна гэдэг нь цаад утгаараа МАН-д дансгүй болохтой агаар нэг гэнэ. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны анхан шатны хурал 76 гишүүнтэй бөгөөд ийнхүү хурлаараа дээрх эрхмүүдийг хассаныг удирдах шатны зарим эх сурвалжууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай.

Жишээ нь Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар: "Тийм зүйл болоогүй л баймаар юм. Ийм асуудал хэлэлцээгүй, Хөөнө, хасна гэдэг нь манай намын дүрмээр зохицуулагдсан асуудал. Нэр хүндтэй хүмүүсийг хасаад тушаал гаргадаг эрх мэдэл хэнд байгаа юм. Дунд нь ашиг хонжоо хөөж таван төгрөг олох гэсэн товарищууд байгаа байх. Энэ асуудал руу гүйгээд байх шаардлагагүй гэж анхааруулая" гэжээ. Ийм юм болоогүй гэж байгаа ч болгосон ч юмуу болгохоор гүйж байгаа хүмүүс бий гэдгийг нууж чадсангүй.

Тус намын өнгөрсөн онд болсон Их хурлаас Зөвлөхүүдийн танхим хэмээх шинэ нэр томьёо гарч ирж түүнд нь ерөнхийлөгч асан Н.Багабанди, намын дарга асан С.Баяр, Сү.Батболд, УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Д.Содном гээд намын хуучцуул нь багтдаг бэлгэдлийн шинжтэй газар бий болсон. Энэхү Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле мөн л хэвлэлд энэ талаар тодруулга өгөхдөө дээрх асуудлыг үгүйсгэсэн аж.

Ж.Сауле Өглөөний сонинд өгсөн ярилцлагадаа "Сүүлийн хэд хоног ийм яриа хэвлэлүүдээр гарах бол­сон. Намын одоогийн болон хуучин удирдлагууд хоорондоо зөрчилдөөнтэй, фракц, бүлэг болж хуваагдсан зүйл огт байхгүй. С.Баяр даргын хувьд гадаадад байгаа. Удахгүй ирнэ. Өөрөө нэгэн цагт намын дарга байсан хүний хувьд энэ хэцүү цаг үед зөвлөгөөгөө өгөөд, тус­лаад явж байгаа. Сү.Батболд дар­гын хувьд өмнөх Засгийн газрыг ахалж байсан мөн намын дарга байсныхаа хувьд мөн л одоогийн даргатай хамтраад ажиллаж байна. Д.Цогтбаатар дарга бол одоо намын удирдах зөвлөлийн гишүүн.

Манай намын лидерүүд энэ цаг үед харин ч улам нягтарч, цаашид 2016 онд яаж ажиллах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Түүнээс биш гадуур яриг­даад байгаа шиг намын ши­нэ, хуучин удирдлагуудын хооронд ямар ч асуудалгүй. С.Баяр, Сү.Батболд дарга нар монголын төрд хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй лидерүүд шүү дээ. Нэг ёсондоо манай намын брэнд болсон хүмүүс. Одоо байгаа на­мын дарга нартай таарамжгүй гэх зэрэг асуудал байхгүй. Бид үүнийг зохион байгуулаад байгаа эх сурвалжийг таа­маглаж бай­гаа. Энэ бол дарга нарыг хага­ралдуулах гэсэн нэг төрлийн явуулга гэж харж байна. Ирэх сонгууль МАН бүр хүчирхэг бо­лоод ороод ирэх вий гэдгээс сэр­гийлж, хагаралдуулж, ли­дерүү­дийг хар­луулах зорилготой.

Ер нь яаж ч бодсон на­мын анхан шатны нэгж дээд шатны удирдлагуудтай зөвшил­цөхгүйгээр хасна гэ­дэг зүйл байхгүй. С.Баяр зөв­лөхүү­дийн танхимын гишүүн, Сү.Батболд УИХ-ын гишүүн, харин Д.Цогт­баатар бол намын удирдах зөв­лөлийн гишүүн. Тэгэхээр хасна гэсэн ойлголт байхгүй." хэмээжээ.

Ийнхүү С.Баяр, Сү.Батболд нарыг бай ч үгүй банз ч гүй болгосон Сүхбаатар дүүргийн намын хорооны хурлын шийдвэр бодит эсэх талаар хэвлэлүүд талцаж байна. Үнэхээр намын дарга М.Энхболд үхсэн буурын толгойноос айв гэгчээр С.Баяр, Сү.Батболд тэргүүтнийг дарж дүүрэг бүртээ хотын фракцийнхнаа олонх болгохоор шийдэж ийм кампанит ажил өрнөж байна уу эсхүл дээрх эрхмүүдийн үгүйсгээд байгаа шиг худлаа зүйл үү.

Ямартай ч МАН-ын дотоодод асуудал байна гэдэг нь ойлгомжтой болж байна. Тэд эвтэй бус эвгүй байна. Цаг хугацаа зогсохгүй, дараагийн сонгууль нэг мэдэхэд л хаяанд ирнэ. Тэр үед энэ янзаараа МАН хүчтэй сөрөг хүчин ч байсан юмгүй хоорондоо хагаралдсаар очвол...

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ