Хоёр жил амталсан бялууг хоолойд нь тээглүүлэх үү...

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг УИХ-ын хаврын чуулган амралтын өдөр таарсан тул хоёр хоног хойшлож өнөөдөр нээлтээ хийж байна. Өмнөх намрын чуулганыг бодвол хэлэлцэж шийдэх томоохон чухал асуудлуудтай, улс орны амьдрал, эдийн засгийн байдал хүндхэн нөхцөл байдалд ажилах учир илүү хатуухан хуралдаанууд бүхий чуулган болно хэмээн ажиглагчид шинжиж байна. Сөрөг хүчний "элгээрээ мөлхсөн" хэмээн тодорхойлсон энэ нь жирийн ард иргэдийн амьдралд хэдийнэ мэдрэгдээд эхэлсэн эдийн засгийн байдал, улс орны төсөв, хөрөнгийг хэрхэн яаж шийдэж, асуудлын гарцыг олох нь хамгийн чухал бөгөөд үүнээс гадна олны анхаарлыг ихээр татаж байгаа хуулийн төсөл бол яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан "давхар дээл"-ний асуудал юм.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл нь УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын кабинетэд багтахгүй болохыг хуулиар зохицуулах явдал юм.
Уг төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч улмаар дахин хэлэлцэх хуулийн хугацаа нь чуулган өндөрлөсөн өдөртэй зэрэгцсэн тул батлагдах хугацааг уясаар өдий хүрсэн нь энэ юм. Эрх баригч Ардчилсан намын зүгээс цөөн хэдэн гишүүдийг эс тооцвол Засгийн газрыг голчлон бүрдүүлж байгаагийнхаа хэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хууль үйлчлэх ёстой гэх тактиктай өнөөг хүрсэн бол “Сайд нарын давхар дээлийг тайлуулах” ажилд сөрөг хүчнийхэн буюу МАН нэн идэвхтэй дэмжиж байгаа юм.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхийн тулд төслөөр санал хураах үед Засгийн газрын гишүүд оролцох ёсгүй гэх шаардлага тавьж, мөн энэ өдөр буюу ирэх пүрэв гаригтЧингисийн талбайд “Сайд нарын давхар дээлийг тайлуулах” зорилготой жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Үүнээс гадна Иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс УИХ, ЗГ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва, Х.Тэмүүжин, Ч.Улаан, Л.Болд, С.Оюун, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, М.Сономпил, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нарыг энэхүү Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн санал хураалтад оролцохгүй байхыг уриалж байгаа юм.
Шулуухан хэлэхэд Засгийн газрыг бүрдүүлэгч Ардчилсан нам Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийн төслийг дэмжих үү, эсхүл нүүр буруулж дээрх гишүүдийнхээ эрх ашиг, хүртээд хоёр жил болж буй бялууг хоолойд нь тээглүүлчихгүй эргүүлээд залгиулах уу гэдгийг ирэх өдрүүдэд шийдэх болно. Дан уу давхар уу, хэр ардчилсан гишүүдээс бүрдсэн УИХ болохыг харж л байя.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ