Ардчилсан нам сайд нар санал өгөх тухай мэдэгдэл хийв

УИХ-ын Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүд оролцох нь Монгол Улсын ямар нэгэн хууль, тогтоомж зөрчиж байгаа эсэх талаархи тайлбар


2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй." гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. дахь хэсэгт "Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно", 18.2.4."хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал" гэж тус тус заасан нь Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5. дахь хэсэгт заасан "нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцоно." гэсэн нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ эдлэх боломжтойг хуульчлан баталгаажуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүд оролцох нь Монгол Улсын ямар нэгэн хууль, тогтоомж зөрчихгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. дэх хэсэгт "нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг, 3.1.2. дахь хэсэгт "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.3. дахь хэсэгт "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тодорхойлон заасан нь Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүд Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд оролцох, санал өгөхөд "ашиг сонирхлын зөрчил"-д хамаарахгүйг тодорхойлж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн91 дүгээр зүйлийн 91.6. дахь хэсэгт "Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ." гэж заасан нь Улсын Их Хурлын гишүүн зөвхөн өөрийн /хувь хүний/ болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах тухай ойлголт юм.

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа Улсын Их хурлын гишүүн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд оролцож санал өгөх нь тодорхой хувь хүний болон түүний гэр бүлийн эрх ашигт хамааралгүй асуудал юм. "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн Үндсэн хуулийн заалт нь Улсын Их Хурлаас нийтийн эрх ашигт хамаарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүд зөвхөн тойргийнхоо эрх ашгийг бус, нийт улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандах зарчмаар илэрхийлэгдэж байна.

2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн цэц иргэн Д.Ламжавын гаргасан өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлтээ гаргаж 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 гэсэн Улсын Их Хурлын гишүүнийн таслах эрхтэй санал өгөх эрхийг хязгаарласан таван заалт нь Монгол Улсын Үндсэн Хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзэн дээрх таван заалтын үйлчлэлийг түтгэлзүүлэх тухай №07 тоот дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авч 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 гэсэн заалтуудыг хүчингүй болгосон байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.6. дахь хэсэгт "Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах үед Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн тус тус энэ хуулийн 7.1.5 -д заасан таслах эрхийг эдлэхгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №07 тоот дүгнэлтээс.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ