Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн байр суурь ганхаж магадгүй байна. Яагаад гэвэл давхар дээлээ тайлахыг шаардсан МАН-ын дуу хоолойг АН дотроос ил, далд дэмжих хүн цөөнгүй болов. Эдний танхимын 19 гишүүний 17 нь давхар дээлтэйгээ гурав дахь жилийн нүүр үзэж байгаа нь ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй шинэковуудын атаархлыг илт төрүүлж байгаа юм.
Иймээс тэд их өрсөлдөөнд хүч үзэх бэл бэнчингээ базаахын тулд МАН-тай хавсарч, Засгийн газрыг унагаахын тулд олон нийтэд таалагдахаар шалтаг бодож олов бололтой.
Юу гэвэл ард түмэн өнөөдөр бусдаас ядуу амьдарсандаа бус, алхам тутамд нь шударга бус явдал тулгарч байгаад асар их бухимдаж байна. Цаашид энэ бүхнийг тэсвэрлэж чадахгүй болсон учраас улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал дахь хогийн ургамлыг үндсээр нь тасалж, шударга ёсны үр суулгахыг хүсч эхэлсэн.
Иймд АН-ынхан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж Үндсэн хуульд гар дүрсэн “АХ” эвслийн үеийн алдаагаа засахгүй бол 2016 оны сонгуульд ялагдах нь гарцаагүй болно гэжээ.
Мөн улс төрийн намуудыг татан буулгаж, шинэчлэн бүртгэе. Намыг албан ёсны гишүүнчлэлгүй болгож, байр, эд хөрөнгийг нийтийн өмчид шилжүүлэн, санхүүжилтийг ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Ялангуяа архи, тамхины бизнес, байгаль орчинд халтай үйлдвэрлэл эрхлэгчдээс санхүүгийн дэмжлэг авч, атганд нь ордгоо болих цаг болжээ.
Харин мэдлэг боловсролтой, нэр хүндтэй, шударга хүмүүсийг сонгон улс төрийн сонгуульд нэр дэвшүүлж, төрийн өндөр албан тушаалд томилохгүй бол УИХ, Засгийн газар үнэ цэнээ алдаж байна. Парламентад суудалтай намууд улсаас гаргаж өгсөн нэгдсэн байранд үйл ажиллагаагаа явуулж яагаад болохгүй гэж.
Цаашилбал нийслэл, 21 аймаг, 330 сум, дүүрэг, 1568 баг, хорооны Засаг даргыг ард олноос шууд сонгодог, ажил төрлийг нь тэдний санал хураалтаар үнэлж дүгнэдэг болбол шударга ёсыг тогтооход нэг алхам ойртоно.
Нэг үгээр хэлбэл төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжиж байна гэсэн үг. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй орхигдуулсан хөшүүн хойрго албан тушаалтныг ажлаас нь халж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнбугайг ч төрийн албанд дахин ажиллах эрхийг хязгаарлах нь зүйд нийцнэ.
Хүн бүр нэг тэнгэрийн дор төрсөн лугаа хуулийн өмнө тэгш эрхтэй. Монголд хохирогчийн эрх хөсөр хаягджээ. Тэдний хохирлыг цагдаа, шүүхийнхэн үл ойшоож, гэмт этгээд хоёр чихээ өгөхгүйгээс хойш хорих ялаа эдэлж, хохирогчийн хохь нь болоод хоцордог.
Эрх мэдэлтнүүд авлига өгсөн талд нь аль болох нааштай хандаж, хохирогчийн эрхийг уландаа гишгэдгээс хохирлыг бүрэн барагдуулах механизм алга. Ер нь шүүх засаглалын тогтолцоонд дагнасан шүүхүүдтэй болохыг амьдрал шаардаж байна.
Өчигдөр гэр бүлийн хэрэг шийдвэрлэж, өнөөдөр газрын маргаан тасалж, маргааш хувьцааны хувь заяаг нэг тийш болгож чаддаг тийм универсаль шүүгч дэлхийд байхгүй. Байгаль орчны цагдаа, шүүхийн тогтолцоог төгөлдөржүүлье.
Өнөөгийн байдлаас харахад Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах далбаан дор иргэдийн хашааны алга дарам газрыг булааж авч таарахгүй ээ. Авах дээрээ тулбал дуудлага худалдаанд оруулж, аж ахуйн нэгж оролцогчид үнэ хаялцаж, эрэлт нийлүүлэлтийн зарчмаар үнэ тогтоох нь зах зээлийн жам.
Эсвэл дор хаяж 3-4 өрөө байраар солих, газрыг нь барьцаалж, орон сууц худалдан авах, хувийн хаус барих урт хугацааны бага хүүтэй зээл олговол шударга наймаа болно. Хэрэв газрыг барьцаалж болохгүй юм бол үнэгүй гэсэн үг. Нийслэлийн 294.4 мянган өрхийн 63 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл улсаас мал, орон сууцыг үнэгүй хувьчлахад тэдэнд юу өмчилж өгсөн юм бэ.
Монгол хүний хүнсний гол бүтээгдэхүүн мах, сүүний үнийг тогтвортой хямд байлгаж, төрөөс нөөцийн мах бэлтгэхийн оронд фермерийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх, валют, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах.
Чөлөөт өрсөлдөөнөөр үнэ тогтоох. Жижиг, дунд үйлдвэрийг эхний таван жилд татвараас чөлөөлөх. Өмнөх 90 тэрбумын зээлийг 10 дахин нэмэгдүүлж, урт хугацаатай, хөнгөлттэй болгох. Улс орны эдийн засгийн бүтцийг өөрчлөх, дан ганц уул уурхайгаас хамаардаг бус үйлчилгээ, аялал жуулчлал гэх мэт.
Эдийн засгийн ардчиллын хүрээнд томоохон ХК-иудын хувьцааны 50-иас нээлттэй болгож, иргэдэд хүргэх хувьцааны тоог нэмэгдүүлэх, Хөрөнгийн биржээр дамжуулан хуульчилъя. Энэ ажлыг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, “Мобиком”, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс эхлэн хэрэгжүүлэх. Бизнесийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналтын төрийн чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх.
Эцэст нь баян нь мөнгөөр зодож төрд шургалаад улам баяжих, ядуу нь улам хоосрох явдлыг халах хэрэгтэй байна хэмээн хоёрдугаар ээлжинд хоолондоо орохыг хүссэн хүмүүс яарч байна.
УИХ давхар дээлтэнгүүдийг дан дээлтэй болгох санал хураалтыг явуулж, МАН-ын хүссэнчлэн долдугаар сарын нэгнээс өөрчлөлтийг хэрэгжүүлбэл бодлогын хэдхэн сайдаас бусад нь парламентын гаднаас бүрдэх учир хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох боломжтой болно гэсэн үг. Ер нь дараа дараагийн ээлжийнхэнд бялуу хүртээхийн тулд л 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ.
Х.Аянга
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ