У.Хүрэлсүх Ө.Энхтүвшингийн эсрэг ажилласнаа баталлаа

МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулав. Гурван удаагийн дахин санал явуулснаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ намын дарга Ө.Энхтүвшинг ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр болсон юм.

Мэдээж намынхаа гишүүнийг ялж чадаагүй намын дарга яаж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх билээ хэмээн Ө.Энхтүвшинд  их л шүүмжлэлтэй хандсан.

Юуны өмнө Ө.Энхтүвшингийн ялагдалд М.Энхболд, У.Хүрэлсүх нар Ө.Энхтүвшингийн эсрэг ажилласан гэх дүгнэлт гарсан юм. Угтаа бол Ө.Энхтүвшинг Бага хуралдаа ирсэн 228 хүний 51 хувийн саналыг инээж байгаад л авах ёстой гэж байв. Гэтэл ердөө 109 хүний санал авсан.

Бага хурлын олонхийг бүрдүүлдэг У.Хүрэлсүхийн фракци, М.Энхболдын хотын бүлэглэл аварга Б.Бат-Эрдэнийг дэмжсэнээр Ө.Энхтүвшин аваргад шидүүллээ гэх мессеж гадуур цацагдсан юм. Үүнийгээ ч У.Хүрэлсүх баталлаа.

Намын Бага хуралдаа ч ирээгүй, нам жим амьдарч буй У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнийг дэмжиж буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт авахуулсан зургаа нийтэлж, “Их аварга, эрхэм журмын нөхөртөө амжилт хүсье. Нэг ийм зураг байна” хэмээн тайлбар бичжээ.

Мөн "Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж амьдрана гэдэг өөрөө агуу хүний шинж. Сайн Ерөнхийлөгч болно гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэжээ.

Энэ бүхнээс харахад Бага хурал дээр эхний хоёр санал хураалтад Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар санал тэнцсэн ч гурав дахь дээрээ ийнхүү шидүүлсэн нь У.Хүрэлсүх, М.Энхболд нарын фракци, бүлэглэл ихээхэн нөлөөлсөн нь тодорхой байгаа юм.

Хэрвээ уг хоёр эрхэм өөрсдийн цэргүүддээ намынхаа даргыг дэмж гэсэн мессеж илгээсэн бол Ө.Энхтүвшин баараггүй ялах байв.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ