Ц.Нямдорж: Шохойтой газар мод тариад байх юм

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдэж байна.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулсны дараа гишүүд асуултаа асууж эхэллээ.
Ц.Нямдорж гишүүн Сангийн сайд Ч.Улаанаас дараах асуултыг асуув.
Ц.Нямдорж: Төсвийн эх үүсвэрийн асуудлаар бөөн юм болж байна. Би юу асуух гээд байна вэ гэхээр төсвийн тооцоо, судалгаагүй энэ их зардлуудыг яах гэж байгаа юм, жишээ нь "Шинэ сум төсөл" гээд нэг юм байх юм. Тэнд асар их мөнгө зарж байна энэ чинь зөв юмуу.
Тэр сум гэдэг юманд чинь би насаараа амьдарсан хүн л дээ.Тэнд энэ ямар нөхцөл байдалтай байдгийг би гадарлана. Хөгжлийн мөнгө гээд баахан мөнгө зарцуулаад байдаг, босож байгаа барилга байшин байхгүй. Тэгсэн хэрнээ шал дэмий юманд тэр их мөнгөө зарцуулаад байдаг.
Хэдэн мод тарьчихаад тарьсан жилдээ үхээд л дараа жил нь дахиж баахан мөнгө гаргаж тариад л. Зарим суманд шохойтой газар баахан мөнгөөр мод тарьчихсан байна гэнэ.
Суманд байгаа нэг ноёны амаар хэрэггүй баахан мөнгө зарцуулдаг. Хөрөнгө хасах тухай би яриагүй байна шүү. Зохистой зарцуулж бодоггүй юм уу, хоёрдугаарт энэ аймгуудад баахан дулааны станцууд барина, концессын гэрээгээр бариулна, зам бариулна гэх юм.
Энэ концессийн гэрээгээр хийгдсэн ажилд эргээд төсвөөс мөнгийг нь төлнө. Энэ асуудалд Засгийн газар болгоомжтой хандаж чадаж байна уу. Мөнгийг нь хэзээ буцааж төлөх юм энэ дээр тооцоо байгаа юм уу. Концессийн асуудлаар Засгийн газар хурал дээрээ бодлогоо шүүж тунгааж ярилцах цаг болсон юм биш үү.
Ч.Улаан: Ер нь энэ бондын болоод концессийн нөхцөлөөр баригдаж байгаа обьектоос буцаан төлөх төлөлтийн графикийг Сангийн яам хийж байгаа. Концессийн хувьд шууд төсвөөс төлөгдөхгүй, төлбөрийн хэлбэр өөр өөр байгаа. Аль болох урт хугацаанд төсөвт бага ачаалал өгөх зарчмаар ажиллаж байна
Дулааны станцын хувьд Соном сайд маань дахиад л алга байна. Өөрөө өөрийгөө нөхөх, эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдэд санхүүжилт өгсөн гэх жишээгээр төсвийнхөө ачаалалтай уялдуулж төлбөрийн графикаа Сангийн яам зохицуулж яваа. Ер нь тэгээд ч концессоор нэг их гэрээ хийгдээгүй, энэ талаар Эдийн засгийн яам дэлгэрэнгүй хариулах байхаа. Шохойтой газар мод тариад байна гэж байна.
Суманд "Сум хөгжлийн сан" гэж байгаа. Голдуу жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулагдсан буцаж төсөвт хураагдахгүй сумандаа бүтээсэн нь үлдэх сан байгаа.
2012 оны төсвийн шинэ хуулиар "Орон нутгийн хөгжлийн сан" бас байгуулж өгсөн, тухайн орон нутгийн Иргэдийн хурал нь өөрөө шийдвэрээ гаргаад ЗДТГ-аас зарцуулалтаа бие даан зохион байгуулж байгаа. Улсын төсвөөс дэмжлэг очдог. Тэгэхээр хуулийн дагуу төсвийн зарцуулан захирагч нар нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой юм. Тухайн орон нутгийн бүрэн эрх мэдлээр захиран зарцуулагч нар нь хариуцлагаа хүлээнэ.
А.Бүрэнтөгс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ