УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгийг хэлэлцэхээр Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцууллаа.

Үдээс өмнөх хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийж Төсвийн байнгын хорооны дэмжлэг аваагүй саналын томъёоллоор санал хураалт явуулж энэ үеэр эдгээр санал гаргах болсон үндэслэл, саналууд олонхийн дэмжлэг аваагүйн учир шалтгааныг тус тус тайлбарласан юм.

Байнгын хорооны дэмжлэг аваагүй 18 саналаас 6 саналыг санал гаргасан гишүүд нь татан авч, харин “Эх үүсвэр нь тодорхойгүй, ажил нь эхлээд орхигдсон барилгуудыг санхүүжүүлэх төсвөөс гадуурх гарцыг хайх”, “ Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.8-д туссан “Нийгмийн даатгалын тасгийн барилга” гэснийг “Нийгмийн даатгалын үйлчилгээний барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ гэж өөрчлөх” санал болон найруулгын шинжтэй бусад саналууд олонхын дэмжлэг авч улмаар төсөлд нэмж буюу найруулж тусгахаар болов.

Хэлэлцүүлгийн үеэр хууль зөрчихгүйгээр, өрийн хязгаарт орохгүйгээр дутуу баригдсан барилгын гүйцэтгэлийг санхүүжүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголд тусгах талаар Засгийн газарт чиглэл өгөх, нэмэлт эх үүсвэр олох, энэ хүнд байдлаас гарах гарцыг хайх шаардлага байгаад Улсын Их Хурлын гишүүд анхаарлаа хандууллаа.

Ингэснээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

А.Бүрэнтөгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ