Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү төрд хамаагүй

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих бодлогын нэгэн илрэл болсон чухал хуулийн төслийг дөнгөж саяхан УИХ нэгдсэн хуралдаанаараа баталлаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэгийг татвараас чөлөөлөх тухай буюу Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн 80 хувийн саналаар УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдээд байна.

Өмнө нь ийм агуулга бүхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд өнгөрөгч оны төгсгөлд хуулийн хугацаа нь дуусаад байсан юм.

Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдийг өсгөхөд шууд хамааралтай дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихэд татварын хөнгөлөлт маш чухал гэдгийг хэн ч мэднэ. Тиймээс энэхүү хуулийг баталсан өнөөдрийн чуулганы хуралдааныг үнэнхүү ажил хэрэгч хэмээн сайшаах нь зүйтэй. Харамсалтай нь бүтэн хаваржин хэт улстөржсөний балгаар цаг хугацаа гэдэг алтнаас үнэтэй гэдгийг өөрийн мөнгө хөрөнгөө зарцуулаад жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд яс махандаа тултал мэдэрсэн нь лавтай.

Улстөрчдийн хувьд албан тушаалын асуудал нь л эвгүйтэхгүй бол бусдын ажил хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа огтхон ч хамаагүй гэдгээ харуулж бүтэн хаврыг улстөржсөний харгайгаар эдийн засаг улам муудаж дотоодын үйлдвэрлэгчид төдийгүй үйлчилгээ үзүүлэгч, компаниуд эхнээсээ үүд хаалгаа барихад хүрээд байгаа. Жишээ нь Изинис эйрвэйсийн дампуурлыг улстөрчдийн балгаар олон нийт хүлээж авлаа гэхэд ч хатуудахгүй.

Оройтсон ч гэсэн татварын хөнгөлөлтийн хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд энэ онд 13 тэрбумын татвараас чөлөөлөлтийг 2014 онд эдлэх төсөөлөл байгаа аж. Нэг ёсондоо хувийн хэвшлийнхэнд 13 тэрбум төгрөгөө хэмнэхэд туслаж байгаа явдал юм.

Одоо гол нь энэхүү хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг олон нийтэд маш сайн түгээх нь зүйтэй. Энэ талаар зарим гишүүд ч чуулганы хуралдаанд хэлээд авсан.

Гишүүд "Ийм чөлөөлөлт байдгийг жижиг дунд үйлдвэрлэлийнхэн мэддэггүй шүү дээ, "Жижиг дунд үйлдвэрлэлийн сан"-гаас зээл аваад нэг суманд гурав дөрвөн ижилхэн эсгийний үйлдвэр байгуулаад дампуурч байна. Гэтэл энэ бүгдийг татвараас чөлөөлөх нь ямар хэрэгтэй юм, хэрэг байна уу” гэх маягийн зүйл ярьж байв. Энэ бол асар буруу ойлголт юм.

Төр хийж буй ажлаа олон нийтэд сайн түгээж мэдээлээгүйн улмаас гарсан бурууг жирийн үйлдвэрлэгч иргэдэд тохох гэж оролдож буй нь хэтэрхий бүдүүлэг явдал. Нэг суманд хэдэн ч эсгийний үйлдвэр байсан яахав, тэр бол бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь л сонголт, хамгийн гол нь ийм татвараас чөлөөлөх төрийн дэмжлэг байгаа шүү гэдгийг тэдэнд сайн ойлгуулах хэрэгтэй юм.

Зарим нь эсгийгээ хийнэ л биз, өрөөл бусад нь электроникийн үйлдвэр гэх мэт татварын чөлөөлөлтөд ороход нүдээ оносон ажил хөдөлмөрөө эрхлээд явах нь дамжиггүй юм. Энэ бол ёстой л нөгөө лаагаа иднэ үү луувангаа иднэ үү чамд ямар хамаатай гэдгийн үлгэр билээ. Хамгийн гол нь иргэд "лаа болон луувангаа идэхдээ" ийм нэг дэмжлэг бий шүү гэдгийг мэдрэх нь л чухал юм.

Дашрамд дурдахад зарим УИХ-ын гишүүд ард олонд тустай асуудалд хүртэл улстөржиж улайран буруутгах явдал чуулганы хуралдаанаас байнга ажиглагдаж байгаа нь харамсалтай.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ