Газрын тосны тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

Гурав дахь удаагаа УИХ-д өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг өнөөдөр /2014.05.30/ нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ.
Манай улсад газрын тосны харилцаа өнөөдрийг хүртэл 1991 оны хуулиар зохицуулагдаж ирсэн. Гэвч уг хуульд сайжруулах шаардлагатай зүйл, заалт цөөнгүй байгаа юм. Тухайлбал, уламжлалт газрын тосыг борлуулах талаар тодорхой зохицуулалт хийсэн ч уламжлалт бус газрын тосны тухайд ямар ч зохицуулалт байхгүй. Энэ хууль батлагдсанаар уламжлалт бус газрын тосыг борлуулах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.
Түүнчлэн Татварын тухай хуулиудтай холбогдсон гэрээлэгчдэд ойлгомжгүй заалтууд байсныг тодорхой болгож өгчээ. Газрын тосны салбарт одоогоор 19 компанитай Бүтээгдэхүүн хуваах 30 гэрээ байгуулсан байгаа. Гэрээлэгчдийн хайгуул, олборлолтын ажилд орон нутгийнхан ихээхэн хүндрэл учруулдаг тул зөвшөөрлийг орон нутгийн мэдэлд шилжүүлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон газрын тосоо Монгол Улсад байгуулагдсан боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлэх заалт оруулж өгсөн. Одоогоор зургаан аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвшөөрлөө авсан байгаа. Дарханд байгуулсан газрын тос боловсруулах үйлдвэр нь импортын түүхий эдийг боловсруулж, түлш шатахуун гаргах байсан. Иймд дотоодын бүтээгдэхүүнийг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг өгсөн. Ингэснээр жилдээ 700 орчим сая ам.доллар гадагш гарах урсгалыг хааж, дотооддоо шингээх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Мөн яам, агентлагуудын эрх үүрэг, хяналт нь ямар байхыг ч хуулиар зааглаж өгчээ.
А.Бүрэнтөгс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ