С.Одонтуяа гишүүнийг ойлгоё

Хоёр долоо хоногийн өмнө Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд эсрэг кноп дарсан гишүүдийн нэг нь С.Одонтуяа. Тухайн үед Ажлын хэсгийг ахалж байсан Д.Болорчулуун гишүүн түүнийг ашиг сонирхлын үүднээс хуулийг унагаасан хэмээн буруутгаж байсан.

Учир нь эрхэм гишүүний нөхөр Г.Өлзийбүрэн нь Газрын тосны газрыг удирддаг юм. Харин С.Одонтуяа гишүүний хувьд уг төсөлд засч залруулах зүйл цөөнгүй байгаа тул нэг мөр сайжруулаад дахин оруулж ирэх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан.

Засгийн газраас хуулийн төслийг дахин оруулж ирэхэд эрхэм гишүүн дэмжиж байгаа төдийгүй хурдан батлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрээр ЭЗБХ-ны өчигдрийн хуралдаан дээр “Хуульд эргэлзээтэй зүйл, заалт байж болохгүй. Жишээлбэл, энэ хууль эргэж үйлчлэх юм уу эсвэл үйлчлэхгүй юм уу гэхчлэн ойлгомжгүй асуудлууд үүсдэг. Ийм байдлаас үүссэн маргаанууд шүүх дээр очихоороо дандаа эргэж үйлчлээд, аж ахуйн нэгжүүдийг хохироодог. Тэгэхээр үүнийг тодорхой болгох хэрэгтэйг сануулсан. Мөн туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд оруулах шаардлагыг тавьж байсан.

Эдгээр үндэслэлээр өмнөх хуулийн төсөл дээр би эсрэг товч дарсан. Энэ удаа гол заалтуудыг зөв болгож оруулж ирсэн тул дэмжиж байна” гэж хэлсэн юм. Мөн хуралдааны үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг С.Одонтуяа гишүүний байр суурийг дэмжиж, явцын дунд гаргасан шийдвэр заримдаа зөв болох нь бий хэмээн өмнөх төслийн алдаа дутагдалтай талуудыг хүлээн зөвшөөрч байсан. Бусад гишүүд ч мөн “адлагдсан” гишүүнтэй санал нэгдэж байгаа илэрхийлж байсан.

Харин өнөөдөр /2014.05.30/ нэгдсэн чуулганаар “УИХ-ын 37-р тогтоол гэж бий. Уг тогтоолд газрын тосны салбарт өмнө нь байгуулсан бүх хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасан байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч талтай харилцан тохирно гэж. Иймэрхүү зүйлс дахиад л эргэлзээ үүсгэнэ. Хуулиа мөрдөх юм уу эсвэл тогтоолоо дагах юм уу гэдэг нь тодорхойгүй. Тиймээс хуулиа дагалдуулан тэр тогтоолдоо нэмэлт өөрчлөлт хийхээр оруулаад ир. Ингэж гэмээнэ эргэлзээ арилна” гэсэн шаардлагыг мөн тавилаа. Мөн тэрбээр хууль тогтоох ажилдаа илүү хариуцлагатай хандаж, кноп дарахын өмнө хуулиа сайн судалж байхыг бусад гишүүддээ уриаллаа. Учир нь өнгөрсөн байнгын хорооны хуралдаан дээр хуулийн төслийг баталъя гэж байсан хүмүүс энэ удаа эсрэг байдлаар байр сууриа илэрхийлж байлаа.

Ямартай ч нөхрийнхөө эрхэлдэг ажлаас болж ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн буруутгадсан эрхэм гишүүн уг хуулийг хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэхээргүй, нэг мөр чамбай боловсруулахыг дахин дахин сануулж байгааг буруутгах аргагүй юм.

Хэрэв Г.Болорчулуун гишүүний хэлснээр С.Одонтуяа гишүүнийг энэ хуулийн төсөл дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл тэрээр санал өгөх эрхээсээ татгалзах учиртай. Гэтэл давхар дээлийн тухай хуулийг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцож байсан.

Учир нь тэдний давхар хашдаг ажил нь хувийн биш нийтийн ашиг сонирхлын төлөө үйлчилдэг учраас хувийн ашиг сонирхол гэж үзэхгүй гэсэн гаргалгааг тухайн үед хийж байсан. Тэгвэл С.Одонтуяа гишүүний эрхэлдэг ажил, албан тушаал ч мөн нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг болохоор тэр үгээ хэлэх, саналаа өгөх эрхтэй биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ