"Женко" Х.Баттулгын бие хамгаалагч гэсгээгдсэн нь


Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар ҮХААЯ-ныхан өнөөдрөөс ургац хураалтын ажилд анхаарах, НХХЯ-ныхан Тэтгэврийн тогтолцоог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагуудад бүтээн байгуулалтын чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Үүний зэрэгцээ үүрэгт ажилдаа хойрго хандаж, хариуцлага алдсан хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг цалингийн тодорхой хувиар хасахаар болжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож цалингийн тодорхой хувийг хасах болсныг мэдэгдэж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөж ажиллахыг анхааруулсан.
"Гэсгээгдсэн" хоёр эрхэм өнөөдөр хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Зам засварын компаниудад хугацаанд нь мөнгийг нь олголгүй хойрго хандсан Төрийн нарийн бичгийн дарга бол Б.Батзаяа юм.
"Женко" Х.Баттулгын бие хамгаалагчаас өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга хүртэл томорсон эрхэм Монголын төмөр зам нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын "China CNP Corporation limited” корпорациас нийт 60 сая ам.доллараар зургаан зүтгүүр худалдан авсан ч ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэйгөөр Төмөр замын зүтгүүрийн "Депо”-гийн хашаанд хог болон үлдээж олны шүүмжлэлийг хүртэж, хуулийнхны анхаарлыг ч татсан гэдэг.
Тэгвэл ажлаа цалгардуулсан нөгөөх Төрийн нарийн бичгийн дарга нь Батлан хамгаалах яамных. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар нь өмнө нь Батлан хамгаалахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан нэгэн.
Мөн "Тэмүүжин-Өрлөг" тусгай сургуулийг байгуулсан, улмаар сургуулийнхаа удирдлагад ах дүүсээ томилсон зэргээр захирлаар нь ажиллаж байсан С.Наранцогт хэмээгч эрхэм бригадын генералыг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргаж байжээ.
Гэх мэтчилэн хэвлэлээр сайн муугаа цөөнгүй дуудуулсан хоёр эрхэм өнөөдөр Төрийн нарийн бичгийн даргын албыг хашдаг бөгөөд ажил үүргээ хангалттай биелүүлж чадахгүй, Засгийн хурал дээр цоллуулж цалингийн хувиараа торгуулж суугаа нь энэ аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ