Ж.Батзандан: Н.Батбаяр сайдыг огцруулах нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулахаар шийдвэрлэсэн. Харин Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонх нь Н.Батбаяр сайдыг огцруулах үндэслэл хангалтгүй гэж үзснээр Н.Батбаяр сайд суудалдаа үлдэх магадлалтай болоод байгаа.
Харин үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй гишүүд эсэргүүцэж Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах нь зүйтэй хэмээж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ ”Би огцруулах асуудал анх яригдаж байх үед хамгаалж байсан. Харин энэ удаа хамгаалж чадахгүй.
Н.Батбаяр сайд Засгийн эрх авснаас хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларсан. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна.
Чанаргүй зээл 2013 оны 11 дүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91,8 хувиар өссөн тул огцруулах шаардлагатай” гэсэн юм.
Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал дан ганц энэ удаа биш. Сайдад хариуцлага тооцох асуудал хоёр дахь удаагаа хөндөгдөж байгаа юм. Анхны удаа Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг өргөн барихад олонхийн бүлэг сайд нараа хамгаалан үлдсэн. Энэ удаа ч мөн адил хамгаалж байгаа нь хачирхалтай байна.
Эдийн засгийн хямралыг аврах энэ цаг мөчид сайдын ажлыг хийх чадахгүй байгааг шүүмжлэх мөртлөө огцруулахгүй гэж хамгаалах нь зарчмын хувьд нийцэхгүй асуудал. Тэр тусмаа Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед яагаад сайдад нь хариуцлага тооцохгүй байна вэ гэдэг бүр сонирхолтой байна. Ямартай ч Н.Батбаяр сайдын суудлаасаа огцрох асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хатуу байр суурьтай байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ