Ш.Түвдэндорж тамгаа гардан авлаа

УИХ-ын хуралдаанаар ҮХАА-н сайдын албан тушаалд УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилсон.

Давхар дээлний асуудал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үед дээлээ нимгэлэх бус “давхарлаж” байгаад нь ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа шинэ сайд цаг алдахыг хүсээгүй бололтой. Тэрбээр өчигдөр 20.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тамгаа гардан, ажлаа хүлээж авлаа.

Тэрээр, "Монголчуудыг тэжээж байгаа гол хүмүүс нь малчид, тариаланчид. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна. Энэ салбарт олон төсөл хөтөлбөр батлагдсан. Зарим нь хөрөнгө мөнгөгүйн улмаас зогссон. Тэдгээрийг эргэлтэд оруулахын төлөө ажиллана. Мах, сүү зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг бууруулахын төлөө ажиллана. Энэ бүхэн үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

Манай намын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийн тухай багтсан. Яагаад үүнд ач холбогдол өгсөн гэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд Монгол орныг хөрөнгөжүүлнэ. Энэ нь ард түмний амьдрал сайжирна гэсэн үг. Нүүрснээс шингэн түлш гаргах, Сайншандын цогцолбор, 3-4 аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүд бий. Энэ бүхнийг ажиллагаанд оруулна. Ер нь манайхаас ганц өнгөтэй өөдтэй яваа салбар нь энэ. Би төрийн залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Нөгөө талаас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчилна" гэсэн юм.

Шинэ сайд яам бүх ажлыг хариуцан, өөртөө ачаалал үүрэх шаардлалагагүй гээд хөнгөн үйлдвэрт л гэхэд дүрэмт хувцсыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Мөн бичил бизнес эрхлэгчдээ илүү дэмжих юм байна. Ш.Түвдэндорж яамны одоогийн багтай хамтран ажилахаа илэрхийлж, халаа солио хийхгүй гэж хэллээ.

С.Содон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ