УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ

Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаарУИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлж,мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олголт замбараагүй хийгдсэнээс Монгол Улсын газар нутгийн 49 хувь нь "лицензлэгдээд" байсан. Үүний хор уршгийг Монголын ард иргэд хангалттай амссан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар лиценз олголтыг хориглосон дөрвөн жилийн хугацаанд лицензтэй талбайн хэмжээ 7.6 хувь болон буурч, тусгай зөвшөөрлийн тоо хоёр дахин багассан эерэг үр дүн гарсныг онцолсон. Гэтэл Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэгдүгээрт, ашигт малтмалын лиценз олголтыг сэргээхийг гол зорилгоо болгосон.

Хоёрдугаарт, лиценз олголтод иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгоогүй. Гуравдугаарт, уг хуулийн төсөл АН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас ихээхэн зөрсөн. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын ам ажил зөрж байгааг энэ хуулийн төсөл харуулж байна. Дөрөвдүгээрт, "урт нэр"-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөх санаархал агуулсан гэж мэдээлэв.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж санал хураахад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан УИХ-ын гишүүд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу оролцохгүй байхыг Б.Бат-Эрдэнэ гишүүн уриалав.

Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа иргэдтэй уулзахад хайгуулын лиценз олголтыг нээж өгөөч гэсэн саналыг хэн нь ч тавихгүй байгааг УИХ, Засгийн газарт анхааралдаа авна гэдэгт найдаж байна гэлээ. Мөн баяр наадмын цагаар, ард түмний анхаарал хяналт суларсан үед бодлогын томоохон асуудлыг хэлэлцэж байгааг ч шүүмжилсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ