Д.Эрдэнэбат: Би хууль дээрэмдэгч биш

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгхэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагч төслийнхөө талаар танилцуулахдаа:

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд эерэг өөрчлөлт бий болж байгаа ч бас сөрөг үр дагаварууд гарсаар байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Иймд тамхины цэгийг зөвшөөрөх тухай заалтыг нэмэлтээр оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн 2013 онд хийсэн ажлын товч танилцуулгад Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хотын удирдлагууд болон Захирагчийн ажлын албанд“Тамхи татах цэг байгуулах тухай” хүсэлт удаа дараа ирж байна гэсэн байна.

Мөн Нийслэлийн иргэдийн санал гомдол хүлээн авах төвд 2013-2014 оны байдлаар давхардсан тоогоор 93 өргөдөл хүсэлт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсний дотор ТҮЦ, дэлгүүр, гар дээрээс тамхийг нууцаар болон ширхэгээр худалдаалахтай холбоотой 54, нийтийн эзэмшлийн талбай, орц, сургуулийн ойр орчимд ил задгай байдлаартамхи татах байдал түгээмэл болсон талаар 26, зөвшөөрөгдсөн цэг байгуулах, тамхи татах тэмдэг тэмдэглэгээ байрлуулах талаар 14, тамхины иш хог хаягдлаас орчин бохирдож байгаа талаар 13 санал хүсэлт ирүүлсэн байна.

“11-11” төвд мөн Тамхины хяналтын хуультай холбоотой 731 санал хүсэлт ирсэн. Үүнээс насанд хүрээгүй хүүхдүүдэд болон хуулиар хориглосон худалдаалах цэг, дэлгүүрүүдээр тамхийг борлуулж, шаглаж, дамлан худалдаалж байгаа талаар 172, тамхийг нууцаар халаас, мөнгөний паска, такси дотор хүртэл зарж байна, таксины жолооч нар 500 төгрөгөөр машиндаа тамхи татуулж байна зэрэг 225, тамхины иш хог хаягдлын талаар 34, зөвшөөрөгдсөн цэг, зориулалтын газар байгуулах талаар 24 санал ирүүлсэн байна.

Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаар баар, ресторан зэрэг газарт утаат тамхи татахаа байж, цэвэр орчин бүрдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ үүний цаана дам тамхидалт,гадна орчинд бохирдол сөрөг үзэгдэл гарч байгааг эдгээр судалгаа харуулж байгаа юм. Ер нь тамхи татдаг цөөнхийн зуршлыг хуулиархязгаарлах бүдүүлэг үйлдэл рүү явж болохгүй.Олон улсад ч хүний зуршлыг хуулиар хязгаарладаггүй. Үүнийг хэлснийхээ төлөө би олон хүний эсэргүүцэлтэй тулна гэдгээ мэдэж байна.

Нэгэнт батлуулсан хуулиа хамгаалах нь зүйтэй гэсэн хэт туйлшрал нь хуулийн зөрчлийг үүсгэж, иргэдийг дам хохирооход хүрч байна. Хяналт шалгалт тавих боломж нь хомс болно. Бас нэг судалгаанаас харахад, Сүхбаатар дүүргийн нэг хороонд гэхэд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөнтэй холбогдуулж, 6,3 сая төгрөгийн торгууль хүлээлгэсэн байна. Нөгөө хороон дээр 4,5 сая төгрөгийн торгууль хүлээлгэх жишээтэй. Эндээс үзвэл зөвхөн торгуулийн шинжтэй хууль болжээ гэж дүгнэж болохоор. Мөн нөгөө талаас нь авч үзвэл, хууль хэрэгжихгүй байх магадлал өндөр болох хандлагатай гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй гэлээ.

Хууль санаачлагчийн мэдээллийн дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Энэ хуулийн төслөөр ажлын байрны дотоод орчинд тамхины цэг байгуулах асуудлыг хөнджээ. Иргэд гадаа гарч тамхи татаад сурчихсан. Тамхи татдаг хүмүүс тодорхой хэмжээгээр тамхинаас татгалзаад байна. Тамхи татахыг эсэргүүцэж байгаа хэдэн мянган хүн надад хандаж байна. Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүний эрх ашгийг бодож тамхины цэг байгуулах төсвийг батлах уу?

УИХ-ын гишүүн: Д.Эрдэнэбат: Хуульд оруулж ирэх гээд байгаа нэмэлт, өөрчлөлт нь хэн нэг тамхи татдаг хүний эрх ашгийг хамгаалах тухай асуудал биш хууль өөрөө дархлаагүй болох гээд байгаа тул уг хуулийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Хуулийн цоорхойгоор зөрчилдөөд байгаа олон асуудал байна, тэдгээрийг шийдэх хэрэгтэй гэсэн санаа.

Зардлын тухайд, Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлдэг. Энэ төвлөрсөн хөрөнгийг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих зориулалтаар зарцуулахаар хуульд заасан байдаг. Иймд Тамхины хяналтын хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн цэг байгуулах зардалд зарцуулж болохоор байгаа юм. Харин аж ахуйн нэгж байгууллагын дотоод орчин дахь тамхи татах цэгийг тухайн байгууллага өөрийн аж ахуун тооцоон дээрээ үндэслэн байгуулах боломжтой.

Энэ хуулийн 21.1-д “Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгоно” гэж заасны дагуу тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулсан, тамхины иш хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж чадсан иргэн аж ахуйн нэгж байгууллагыг сурталчилж урамшуулал олгох боломж ч мөн байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний санаачилсан хуулийг унагачихаад тамхины цэг байгуулахгэсэн хууль оруулжирлээ. АН-ын бүлгийн дарга хууль дээрэмдэгч болоод байна уу?

Д.Эрдэнэбат: Би хууль дээрэмдэгч биш. Таныг дэмжиж гарын үсэг зурж байсан. Таны өргөн барьсан хуулийн төсөл нэгэнт унасан тул би УИХ-ын хуралдаан дээр хуулийг дахин өргөн барина гэдгээ хэлж байсан. Тамхины цэг байгуулах гэдэг дээр нь. УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд тамхи татдаг хүмүүстэй яаж хуулийн дагуу тэмцэх вэ гэдгийг ярилаа. Батлагдсан хууль ихэнх иргэдэд таалагдаж байгаа. Гэхдээ хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд хариуцаж буй яам, тамгын газруудтай хамтран ажиллах хэрэгтэй.Гэтэл аль нэг яамны ажилтны өрөөнд яваад орохоор өрөөндөө тамхи татаж л байдаг. Хуулийг өөрсдөөсөө эхэлж мөрдөх ёстой. Би өөрөө тамхи татдаггүй. Гэхдээ татдаг хүмүүст тодорхой хэмжээний орон зайг бүрдүүлж, хууль хэрэгжих нөхцөлийг хангаж өгөх шаардлагатай байна. Хууль амьдрал дээр хэрэгжих ёстой гэдэг нь зөв. Иймдд энэ хуулийн төслийг дэмжиж байна гэлээ.

Ийнхүү гишүүд үг хэлж, саналаа хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь тамхины цэг байгуулахыг дэмжсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ