Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Нэг аж ахуйн нэгж дээр очих хяналт шалгалтыг яагаад нэмээд байна вэ? Үүнийг татаж авчихаад одоо байгааг нь сайжруулж болохгүй юм уу? Эдийн засаг хүндэрсэн энэ үед яагаад шалгалт нэмээд байна вэ?

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Ямар ч эрүүл ухаантай бизнес эрхэлдэг хүний хувьд Дэмбэрэл гэдэг хүн аж ахуйн нэгж дээр шалгалт нэмж тавьсан төсөл оруулж ирэхгүй. Яагаад гэвэл одоо байгаа "мангас"-ыг л дарах гэж оруулж ирсэн юм. Аж ахуйн нэгж дээр нэмэлт шалтгалт үүсэхгүй. Энэ хуульд шинэ мангасыг томоор би болгох гэж байгаа бол би татгалзана. Хяналтыг маш сайн барих зорилгоор оруулж ирсэн юм. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг цөөнхийн гишүүнээр толгойлуул гэж би санал хэлсэн. Яамдын эрх мэдлийг тэлж, аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Хоёр удаа буцаасан байхад дахиад л оруулаад ирэх юм. Хууль санаачлагчид иргэдэд ойлгомжтой хариулт өгөхгүй байна. Энэ Засгийн газар байгуулагдахдаа фракцууддаа эрх мэдлээ хуваасан. Төр их замбараагүй болсон. Мөнгийг хяналтгүй зарцуулж байна. ЭЗХ-ийн сайд, Ерөнхий сайд хяналтгүй зарцуулж байна. Сангийн яам л хуулийн дагуу зарцуулж байгаа. Хууль санаачлагчид "болохгүй байна" гээд УИХ-ын анхааруулсан зүйлийг эргэж хараач ээ. Хаалгаар гаргасан зүйлийг тооноор оруулаад ирэх юм.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Есүгэн охины толгой дээр төмөр унаж амь насаа алдсан барилгын хяналтыг төр мартах ёсгүй. Эрсдэлд суурилсан үнэлгээ гэдэг зүйлийг оруулж ирэх ёстой. Тиймээс барилгын компаниуд заавал 10 давхар барилга бариулах ёсгүй. Эрсдлийг нь шалгаж үзээд таван давхар байшин барих эрх олгож болно. С.Оюун сайд болсноосоо хойш Зайсанд нэг ам.метр газрыг ч хүнд өгөөгүй. Гэтэл Зайсан хумигдсаар байна. Маш их соёлын дурсгалт зүйл барилгад бүслэгдсэн байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Давхацсан хяналт шалгалтыг хэдээр бууруулах талаар бодитой тооцоо хэлсэнгүй. Хяналтыг яамдад өгөхөөр 19 толгойтой болчихно. Эргэлзээгээ арилгах хэрэгтэй. Зөвшөөрлийг ямар хэлбэрээр өгч байгаа юм. Шалгалтыг ямар хугацаатай, хэний зөвшөөрлөөр өгч байгааг гаргаж ирээд өргөн барих хэрэгтэй.

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавьсаны дараагаар чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Үдээс хойшхи хуралдаан Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтаар эхлэх юм.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ