Ардын намаас лав Бразил яваагүй

НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хурлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан “НИТХ-ын төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгөөр хөл бөмбөг үзэх нь” гэх мэдээлэлд хариу өгсөн юм.

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхтэй зэрэгцээд Нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгч туршлага судлахаар Бразил болон Кубд ажиллах тушаал НИТХ-аас гарсан. Тушаал гарсан цагаасаа улсын төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзэх нь гэх хардлага төрүүлж байсан юм.

Харин НИТХ-ын 18 төлөөлөгчдийн дотор МАН-ын таван гишүүний нэр дурдагдаж байсан учраас МАН-ын намын бүлгээс албан ёсоор тайлбар хийсэн юм. МАН-ын гишүүдийн хэлж байгаагаар эдийн засаг хүндэрч, урсгал зардлаа хэмнэх УИХ-ын тогтоол гарсан байхад Бразил руу хөлбөмбөг үзэхээр явах нь зохимжгүй. Тиймээс бид үргүй зардлаа хэмнэхийн тулд Бразил явахаас татгалзсан гэж мэдээллээ.

Мөн нэр нь дурдагдаад байсан Саранчимэг нь “Харвард”-ын их сургуульд суралцахаар явсан гээд их сургуулийн урилга болон онгоцны тийзийн хуулбарыг авч ирснээ бүлгийн дарга танилцуулсан юм. Мөн улсын зардлаар Бразил явж хөлбөмбөг үзэх нь гэх мэдээлэл гарснаар Бразил явахаас татгалзсан юм биш. Анхнаасаа эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед улсын төсөв зардлаар гадаад, дотоод руу яваад яахав гээд татгалзсан байсан гэж ярьж байна.

Мөн хурлын үеэр МАН-ын бүлгээс Нийслэлийн удирдлагын данхайсан бүтцийг цомхотгох талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл шаардлага хүргүүлснээ мэдэгдлээ. Учир нь хуучин хотын дарга Г.Мөнхбаярын үед УБ хотын урсгал зардал 88 тэрбум төгрөг байсан бол одоо 270 тэрбумын урсгал зардалтай болсон гэж мэдэгдсэн юм. Тиймээс Нийслэлийн төсөв нэмэгдэж байгаа ч удирдлагын данхайсан бүтцийг танах хэрэгтэй. Дүүрэгт дөрвөн орлогч байх шаардлагагүй гэлээ. Харин Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл энэ асуудлаар энэ сард хэлэлцэнэ гэж байсан ч хэлэлцэх асуудалд багтаагүй гэнэ. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг ирэх долдугаар сарын 3-нд болох хурлаас завсарлага авч магадгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ