Ц.Нямдорж байртай болж, Б.Наранхүү 30 тэрбумыг нэхнэ

Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгч, түүнийг АТГ-аас олон нийтэд дэлгэн тавьлаа.
Өнгөрсөн жил байргүй хэмээн нэлээн шуугиан тарьж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байртай болсноороо ихээхэн онцлог жил болж байна. Тэрбээр 150 сая төгрөгийн үнэ бүхий өөрийн гэсэн байртай болсон ч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 89 сая төгрөгийнзээл авчээ. Гэтэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа хамгийн олон байртай гишүүнээс тодорчээ. Тэрбээр өөрийн гэх таван орон сууцтай бөгөөд түүнээс гадна үйлчилгээний зориулалт бүхий хоёр ч барилгатай аж. Харин түүний ард таван байртай Г.Баярсайхан, дөрвөн сууцтай Л.Гантөмөр, Х.Болорчулуун нар жагсч байна.
УИХ-ын хамгийн баян гишүүнээр “Ажнай” хэмээн цоллогддог Д.Бат-Эрдэнэ тодорчээ. Түүний жилийн орлого нь 20 тэрбум зургаан сая 650 мянган төгрөг бол,Б.Чойжилсүрэн гишүүн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр удааллаа. Харин хамгийн бага орлоготой гишүүдийг Б.Болор есөн сая 588 мянган төгрөгөөр тэргүүлж, түүний араас Д.Арвин есөн сая 619 тэрбум төгрөгөөр дагажээ.
Хамгийн сонирхолтой гэмээр мэдээлэл нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж хоёр удмын адуутай бөгөөд 245 гахайтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ. Гэтэл Б.Наранхүү гишүүн зөвхөн хурдан удмын 109 адуутай бол, С.Оюун эмэгтэй гишүүдээс ганцаараа хурдан морь сонирхогчидтой энэ зэрэгцэж, хурдан удмын нэг морьтой бол, Д.Сарангэрэл 42 адуутай аж. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү 100 үхэртэй хэмээн мэдүүлжээ.
Тээврийн хамгийн олон хэрэгсэлтэй гишүүнээр Б.Наранхүү нэг тэрбум 735 сая 880 мянган төгрөгийн үнэ бүхий долоон машинтайгаар тэргүүлж, түүний араас Н.Номтойбаяр гишүүн 950 сая 471 мянган төгрөгийн үнэ бүхий долоон машинтайгаар хоёрт жагсч байна. Гараашаараа дүүрэн машинтай хэмээн анхаарал татаад байдаг Х.Баттулга сайд 100 саяар үнэлэгдэх ганцхан “Mercedes Benz”-тэй хэмээн мэдүүлжээ.
Гишүүдийн маань зарим нь энд, тэндхийн арилжааны банкуудад зээлтэй бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Худалдаа хөгжлийн банкнаас нэг тэрбум төгрөгийн зээл авсан бол Ц.Даваасүрэн гишүүн Төрийн банк болон Худалдаа хөгжлийн банкнаас 168 сая 350 сая төгрөгийн зээл салгажээ. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин 290 сая төгрөгийн өр Голомт банкинд тавьжээ.
Хамгийн их авлагатай гишүүнээр Б.Наранхүү тодорсон бөгөөд “Дүнжингарав” болон “Инвэнс” ХХК-иас 31 тэрбум 529 сая төгрөгийн авах аж. Гэтэл түүний жилийн орлого нь 11 сая 588 мянган төгрөг. УИХ-ын гишүүн Сү.Батболд “Алтай кашмир”, “Алтай холдинг” болон “Скай трейдинг” ХХК-иас нэг тэрбум 655 сая 536 мянган төгрөгийн, Ц.Оюунбаатар Гэр хороолол ХЗХ-ноос 25 сая төгрөгийн авлагатай бөгөөд, хохирогчдын нэг аж.
Улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ