“Туршлага судлах”-аар харьд зугаалагчдын хоёр дахь цуваа

Туршлага судална гэдэг нэг их сайхан зүйл байна, цаана чинь. “Мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа” гэдэгчлэн “Туршлага судлах” нэрээр манай төрийн албан хаагчид хаашаа ч явж болох дархан заалттай аж. Хөлбөмбөгийн эх орноос туршлага судлахаар болбол хөлбөмбөгийн багийнхны дайтай олон хүн, харин сагсан бөмбөгийн эх орноос туршлага судлах бол сагсны багийнхны тооны хүн явдаг байна.

Мундаг байгаа биз. Ямар ч хамаагүй арга замаар төрийн албан хаагч болчихвол татвар төлөгчдийн мөнгөөр тааваараа зугаалж болох нь. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Туршлага судлах” нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөөр Куба, Бразилаар аялах болсон мэдээлэл олон түмний дургүйцлийг төрүүлж, багаараа томилолт авсан тэдний зарцуулах мөнгийг нь сонсоод Монголын эдийн засаг хямраагүй юм байна гэдэг гаргалгаанд нийтээрээ нэгдчихээд байгаа энэ үед төрийн мөнгөөр тансагладаг дараагийн баг тодорлоо.

Тэгэхдээ энэ удаад Улаанбаатарын дараа орох том хот Эрдэнэтээс “аяллын баг” гарчээ. Тэд нийслэлийнхэнтэй арай ч барьцсангүй. Эрэмбээ мэдсэн бололтой, “хөлбөмбөгийн” бус, “сагсан бөмбөгийн” багийг АНУ руу илгээжээ. Өөрөөр хэлбэл, таван төрийн албан хаагчийг АНУ-д долоо хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар явуулсан байна. Төрийн албан хаагчдын томилолт мөн л “Туршлага судлах” гэсэн үндсэн нэршилтэй.

Тодруулбал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүхийн шийдвэрээр “туршлага судлах нэрийн дор“ долоо хоногийн сургалтад хамрагдахаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах газрын дарга Л.Оюунгэрэл, Цагдаагийн газрын дарга Б. Даваазул, ТЗУХ-ийн ажилтан Баянжаргал нар АНУ-ыг зорьжээ.

Яг л Улаанбаатарын удирдлагуудын аргыг хэрэглэж. Дарга нь томилолт өгөөд, нөгөө хэдэн хурган дарга нь туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр ардчиллын өлгий Америкт зугаалж яваад ирэх эрхтэй болсон байна. Энэ юу болж байна вэ. Нөгөө Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолын “ Гадаад томилолтыг хязгаарлах, зардлыг хэмнэх, томилолтоор явах хүмүүсийн тоог цөөлөх” гэсэн заалт эсрэгээрээ хэрэгжиж эхэлсэн хэрэг үү.

Аль эсвэл Засгийн газрын тогтоолыг засаг захиргааны нэгжүүд нь санал нэгтэйгээр эсэргүүцэж байгаа юм уу. Ерөөс энэ мэтчилэн татвар төлөгч та бидний мөнгөөр төрийн нэр барьсан луйварчид хилийн дээс алхаж, янз бүрийн туршлага судлан зугаалах нь хэрээс хэтэрлээ.

Юун нөгөө НИТХ-ын дарга Д.Баттулгын нэг их гэмшсэн царай гаргаж ирээд л “Төрийн болоод төсвийн байгууллагын шийдвэр гаргагчдад бас сургамж болсон байх гэж бодож байна” гэсэн үг чинь “Та нар биднээс суралц” гэсэнтэй адил болчихож.

Урьд нь Дарханы ИТХ-ын тэргүүлэгчид мөн бөөнөөрөө Дубай явж “туршлага судлаад” зардлаа өөрсдөө төлөх болж баларсан бодит жишээ бий. Тэгэхээр орон нутаг нь нийслэлтэйгээ барьцаад байна уу, нийслэл нь орон нутгийнхантайгаа юу гэдэг нь сонин байж болох ч, жирийн иргэдэд бол хийсэн ажилгүй байж, улс орон хямарчихаад байхад ингэж бөөн цөөнөөрөө хүссэн орондоо аялаад сурсан юмгүй тэнээд явах нь огт таалагдахгүй байна.

Гурав хоногийн өмнө эх орондоо ирсэн Эрдэнэтийн “сагсны багт” л гэхэд эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед төрийн хөрөнгө мөнгийг хамгийн түрүүнд хэмнэх ёстой Төрийн сангийн хэлтсийн дарга, түмэн олноо төвшин амгалан байлгаж, хууль сахиулах учиртай Хууль зүйн хэлтсийн дарга, бас Цагдаагийн дарга нь багтжээ.

Мөн Худалдан авах газрын дарга бүсгүй нь энэ багт орсон байх юм. Хэн хэндээ хяналт тавих учиртай хүмүүс нэг баг болсон нь сонирхол татаж байна. Аль нь “холбогч”, хэн нь “дамжуулагч”, “довтлогч” байх нь бүр ч сонин байна. Нэгэнт “баг” болсон хойно ийм хуваарь гарч л таарна.

Эднийхэн тийм ч цэвэр тоглогчдоор багаа бүрдүүлээгүй бололтой. Тухайлбал, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нь саяхан ажлын байрандаа архи уусан, ажил тасалсан, автын осол гаргаж албан тушаалаа ашиглан нуун дарагдуулсан зэрэг асуудалд холбогдож аймгийн Засаг даргын орлогчтойгоо муудалцан орон нутгийн хэвлэлийн баатар болоод байгаа нэгэн гэнэ шүү.

Түүний талаар таатай мэдээ тун маруухан. Саяхан буюу өнгөрсөн тавдугаар сард согтуугаар Форд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хоёр машин мөргөж өөрөө онхолдсон зам тээврийн ноцтой ослыг Оросын булаг орчим гаргасныг Эрдэнэтийн Цагдаагийн газрын дарга нартай хуйвалдаж нуун дарагдуулсан болохыг нутгийн иргэд хэлж байна.

Тэр ч бүү хэл, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нарт мессеж илгээж "Би УИХ-ын дарга З.Энхболдын хүн шүү. Та нар намайг яаж ч чадахгүй, аятайхан байгаарай" хэмээн заналхийлдэг.Зочид буудлаар үйлчлүүлээд төлбөр нэхсэний төлөө “Хуулийн хэлтсийн даргаас буудлын мөнгө нэхдэг чи хэн бэ? Танай буудлыг байхгүй болгоно харж байгаарай” гэдэг.

Ажлын байрандаа архи ууж шаардлага тавьсан албан тушаалтныг хэл амаар доромжилдог. Аливаа тендерийн материалыг өөр дээрээ авч бусдыг дарамтлах хэрэгсэл болгодог зэрэг үйлдлээрээ төрийн албаны ёс зүйг хэтэрхий бүдүүлгээр зөрчиж байгаа тухай Орхон аймгийн МоАХ-ны даргын албан бичиг Төрийн албаны салбар зөвлөлд иржээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт энэ тухай албан бичиг илгээсэн байна.

Тиймээс ч энэ удаагийн АНУ руу туршлага судлахаар явсан бүрэлдэхүүнийг Орхон аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл “Энэ хэдэн дарга нар сүүлийн үед тендер шалгаруулах ажлыг өөрийн дураар найруулж түүнийхээ шанд Америкт зугаалж байна” гэж толгой сэгсрэн шогширч байгаа сурагтай.

Орхончуудын цухалдаад байгаа гол зүйл нь Эрдэнэт хотын анхны шанг таталцсан илгээлтийн эздийн 40 жилийн ой тохиож байгаа ч энэ нутаг орныг удирдаад явах хүн байхгүй болчихсон мэт улс төрийн “томилолтоор” дандаа гаднаас чемодан чирсэн нөхдүүд ирээд Эрдэнэтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхийн оронд “хоноц”-ын зан гаргадагт нь бухимддагаа нуугаагүй юм.

Тэдний бодит төлөөлөл нь Орхон аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг гэнэ. Архи тамхитай тэмцэнэ гэж сүрхий ярьдаг даржин гүйцэтгэлтэй энэ хүн Монголын хамгийн том архины үйлдвэр “АПУ”-гийн салбарыг Эрдэнэтэд байгуулж, тэдэнд архины үйлдвэрийн газар өгч авилгалд нь АПУ-гийн барьсан байранд гурван өрөө орон сууцаар шагнуулжээ.

Түүний албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, айлган сүрдүүлсэн, төрийн албан хаагчдыг эрхэндээ оруулсан олон тохиолдлыг эрдэнэтчүүд бараг цээжээр мэдэх болсон гэдгийг “Эрдэнэтийн партизанууд” ТББ-ын зөвлөл, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын Ардчилсан намын шударга иргэд мэдээлсэн юм.

Жишээлбэл, Хууль зөрчсөний улмаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө хураалгасан "ЛОФТ" диско баарны эрхийг албан тушаалаа ашиглан Завхан нутгийн найз нартаа ганцхан цагийн дотор сэргээж өгсөн байдаг. Мөн 2013 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хот тохижуулах газарт 376 сая төгрөгийн өртөг бүхий бульдозер худалдан авах тендерийн хорооны даргаар ажиллаж, өөрийн танил Отгонбаярт тус тендерийг өгчээ.

Гэтэл авчирсан бульдозер нь дөнгөж хүлээлгэж өгсөн даруйдаа эвдэрч одоо төмрийн хог болон хэвтэж байгаа гэнэ. Энэ мэтчилэн түүнтэй холбоотой олон баримтыг Эрдэнэтийн ардчиллын анхдагчид дэлгэж байна. Ёс зүйгүй төрийн албан хаагчид арга хэмжээ авахыг мэдэгдэж, Ерөнхий сайд болон УИХ-ын дарга хийгээд салбарын сайдад нь албан бичиг илгээжээ. Байдал нэгэнт ийм дээрээ тулсан хойно өөрийнх нь хэлснээр тэр үнэхээр “УИХ-ын даргын ивээлд багтсан” утсан хүүхэлдэй эсэх нь тодорхой болох биз ээ.

Угаасаа УИХ-ын дарга З.Энхболд татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалагчдыг таашаадаггүй хүн. Ямартаа л “Дарханы ИТХ-ын Тэргүүлэгчид Дубай явсныг Аудитынхан шалгаад өөрсдөөр нь бүх зардлыг төлүүлэхээр болсон. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ч ялгаагүй хувиасаа энэ зардлаа төл” хэмээн твиттер хуудсаараа жиргэсэн удаатай. Энэ удаа ч гэсэн АНУ-д туршлага судлаад ирсэн Эрдэнэтийн “сагсны баг”-ийнханд дээрх үгээ хэлэх байлгүй.

Тэгэхээр орон нутагт оодорч байгаа төрийн албан хаагчдыг зүгээр харж толгойг нь илж суухуу, хуулийн дагуу хариуцлага тооцдог ардчилсан шударга ёсыг мөрдөх үү гэдгийг харж л сууя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ