Орон сууцны хөнгөлөлтөд 27 тэрбумыг зарцуулжээ

Төлөг алахаар нэг цадна, төрийн албанд гарч нэг цадна гэдэг шинэ хэлц гарчээ.
Үүнийг дагаад төрийн алба руу хошуурах иргэдийн сонирхол хэзээ ч буурдаггүй нь төрийн алба хашиж буй эзэндээ хаялга сайтайн илэрхийлэл.
Цалин байсхийгээд нэмэгддэг, наад зах нь төрийн нэрээр хувийн ажлаа бүтээчихнэ. Бас дээр нь ажил багатай, амралт ихтэй.
Байрны квот, сургалтын төлбөр гээд бүхий л боломж нээлттэй. Цалинтай ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ хөдөлгөчихнө.
Хариуцлага хүлээх нь ховор бөгөөд хаялга ихтэй. Танилын хүрээгээ тэлж амжилтын түлхүүрээс атгах гээд тоочоод байвал төрийн албан хаагч байхын давуу тал их.Ийм л болоод төрийн албыг түших гэсэн иргэдийн цуваа тасардаггүй юм.
Төрийн алба түшсэний хаялга болох тодорхой тоо баримт дурдвал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон сууцны хөнгөлөлтөд 2299 төрийн албан хаагч хамрагджээ. Тэд нийтдээ 27 тэрбум528 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж орох оронтой болсон бөгөөд үүнээс 12 тэрбум 284 саяыг нь улсын төсвөөс гаргасан байна.
Хоёрхон жилийн хугацаанд хамгийн олон хүнд хаялга сайтай, орон байрны асуудлыг нь өгөөмөр зангаар шийдвэрлэж өгсөн нь Зам, тээврийн яам. Тус яамны 375 ажилтан орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 334 ажилтандаа төрийн албаны хаялага хүртээжээ. Гэтэл Үндэсний статистикийн хороо болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тус бүр нэг нэг хүнийг хөнгөлөлтөд хамруулсан гэсэн Аудитын ерөнхий газрын дүгнэлт гарсан байна.
Монгол Улсад төрийн албанд 161 136 зүтгэдэг бөгөөд үүнээс 2299 төрийн албан хаагч нь хоёрхон жилийн хугацаанд орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан нь хаялга ямар их байдгийг тодоос тод илтгэж байгаа юм.
Ийнхүү хувийн хэвшлийнхний өдөр шөнөгүй ажиллаж тушаасан татварын мөнгөөр уйдах завтай төрийн ажилтнуудыг “эрхлүүлэх” нь нөгөө л төрийн бодлого ямар байгааг илтгэж байгаа юм.
Б.Даваатогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ