"Шударга ёс" эвсэл: Иргэнийхээ гаргасан алдааг төр нэг удаа өршөөдөг байх хэрэгтэй

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэжээ.

Бүлгийн байр суурийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ. Тус бүлэг 5-6 хуулийг ямар нэг тээг гацаагүйгээр батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Шилэн дансны тухай, Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах бололцоотой гэж үзжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус бүлэг хойшлуулах саналтай байна гэв.

Ялангуяа стратегийн ордуудод эзэмших хувь хэмжээ ямар байх вэ гэдэг дээр талууд зөвшилцөлд хүрээгүй байгаа тул яриа хэлэлцээ үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжих байр сууринд санал нэгдсэнээ тус бүлгийн дарга мэдээллээ.

Бусад хүлээгдэж байгаа хуулиудын дотроос, Өршөөлийн тухай хуулийг наадмаас өмнө батлах нь зөв гэж үзэж байна. Бүлгийн дарга мэдээллийнхээ төгсгөлд, “Иргэнийхээ гаргасан алдааг төр нэг удаа өршөөдөг байх хэрэгтэй” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ