Н.Батбаяр өргөдлөө өгөхгүй гэв

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх талаар мэдээлэл өнөөдөр гарсан. Харин үүнд Н.Батбаяр сайд няцаалт хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-д өргөн мэдүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Харин АН болон "Шударга ёс" эвслийн бүлгийн зүгээс Засгийн газрын ажлыг доголдуулах алхмыг дэмжихгүй гэдэг байр сууриа мэдэгдсэн. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх байсан боловч АН-ын бүлэг завсарлага авснаар хойшлоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Батбаяр сайдыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх болсон тухай мэдээлэл гарч эхэлсэн.

Харин үүнд Н.Батбаяр сайд няцаалт хийж, "Би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй, ажлаа хийгээд явж байна. Надад буруу хийсэн зүйл байхгүй. Цаашид ч ажлаа тууштай хийх болно" гэсэн мэдэгдэл хийв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ