Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх талаар ярилцав


Манай улс дотооддоо нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох арга зам хайсаар багагүй хугацаа өнгөрч байна. Хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах үйлдвэрт Герман улсын технологи нэвтрүүлэх талаар яригдаж, өнгөрсөн сард ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид тус улсад очиж, уг үйлдвэрийн ажил, технологитой танилцаад ирсэн. Төрийн ордонд өчигдөр болсон Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа талууд илэрхийллээ. Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Германы талаас Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Др.Б.Хайцер нар тэргүүлэн тус хуралдааныг удирдан явуулав.
Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаанд Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн,, Гадаад харилцааны, Сангийн, Эдийн засгийн хөгжлийн, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Уул, уурхайн, Хөдөлмөрийн, Эрчим хүчний яамны төлөөлөгчид, Германы талаас Холбооны Эдийн засаг, технологийн болон Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөгчид хийгээд Монгол-Германы Эдийн засгийн хорооны төлөөлөгчид тус тус оролцов.
Ажлын хэсгийн хуралдаанаар 2011 оны 10 дугаар сард гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтарсан төслүүд болоод хөрөнгө оруулалтын орчны талаар харилцан мэдээлэл солилцон, хамтын ажиллагааны цаашдын зорилт, хийх алхмуудын талаар хэлэлцэв.
Засгийн газар хооронд байгуулсан дээрх хэлэлцээрт тусгагдсан нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, коксжих үйлдвэр байгуулах, газрын ховор элемент хайх, олборлох, боловруулах тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий хоёр орны хувийн хэвшлийн Монгол-Германы Эдийн засгийн хорооны гуравдугаар хурлын тайланг тус хуралдаанаар сонсон, тэдний санал санаачилгад хоёр улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого, боломжийн талаар санал солилцов.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ