Төрийн түшээд хаагуур явна вэ

УИХ-ын хаврын чуулган хаалтаа багагүй хугацаа өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна. Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм.

Б.Наранхүү: Японд Ерөнхийлөгчийн хамт явж байна

-Төрөлх сумынхаа 90 жилийн ойд оролцоод саяхан Японд Ерөнхийлөгчийн айлчлалд хамт яваад ирлээ. Мөн Монгол-Японы эдийн засгийн форумд оролцлоо.

С.Баярцогт: Баруунбүрэн болон Мандал сумын ойд оролцохоор явна

-Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт наадсан. Маргааш Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн болон Мандал сумын ойд оролцохоор явна. Улсын баяр наадмын дараа мөн Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг болон Ерөө сумдын ойд оролцсон.

С.Эрдэнэ: Архангай аймгийн Хайрхан сумын ойд оролцоно

-Амарсан зүйл алга л байна. Одоо яаман дээрээ ажлаа хийж байна. Маргааш Архангай аймгийн Хайрхан сумын ойд оролцохоор явна. Наймдугаар сарын 1 гээд Улаанбаатар хотноо ирнэ.

Засгийн газрын хуралдаан энэ сарын 28-нд Хөвсгөлд хуралдахаар товлогдсон байсан. Гэвч цуцлагдаж, Улаанбаатар хотноо хуралдахаар болоод байна.

Ц.Цолмон: Эрхүү явж байна

-Би яг одоо Эрхүү явж байна. Байнгын хорооны ажлын дагуу Эрхүү хотын Консулын газрын үйл ажиллагаатай танилцахаар Ц.Оюунбаатар гишүүний хамт явж байна. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотод наадсан.

С.Одонтуяа: Төв аймагт эмчлүүлж байна

-Би Төв аймагт рашаан сувилалд хэвтэнгээ эмчлүүлж байна. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотноо наадсан. Түүний дараа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзлаа.

Өнгөрсөн тавдугаар сард тойргийнхоо бүх хороог тойрч, сонгогчидтойгоо уулзсан учир сая цөөн тооны хүмүүстэй уулзлаа.

Р.Амаржаргал: Ном бичиж байна

-Миний хувьд амарсан зүйл алга л байна. Улсын баяр наадмын дараа Булган аймаг яваад ирлээ. Харин баяр наадмын өдрүүдэд голын эрэг өнжлөө. Ном бичиж байгаа болохоор тэр ажил дээрээ түлхүү суугаад байна.

Су.Батболд: Наймдугаар сарын 10-н хүртэл амарна

-Би Төв аймгийн Сэргэлэн түүхт 90 жилийн ойн баяр наадамд оролцоод одоо энд амарч байна. Наймдугаар сарын 10-н хүртэл амрах төлөвлөгөөтэй байна. Амралтаа дуусгаад Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүд дээр ажиллана.

Г.Баярсайхан: Лагер дээрээ амарч байна

-Амралт эхэлсэн байгаа. Одоогоор бол лагер дээрээ амарч байна. Наймдугаар сарын 20-д гаргаад ажилдаа орно. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотноо наадсан.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ