Ерөнхий сайд сандарч явна

Наадмын дараа хямралаас өөр сонирхох зүйлгүй ажин түжин болсон Монголын нийгэмд өнгөрсөн долоо хоногоос улстөрийнхөн дуулиан тарьж эхлэв. Хэвлэлээр дамжуулан нэг нэгнийхээ ажил хийлгэхгүй байгаагаа зарлаж байсан Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн болон АТГ-ын сөргөлдөөн дахин эрчимжив.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд төсвийн мөнгийг хумсалсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа ба өнгөрсөн долоо хоногт баривчилж хорьсон нь дуулианы эхлэл байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоригдсон зөвлөхтэйгөө яаран сандран хууль зөрчин байж уулзсаныг, амь тэмцсэн алхам гэж тодотгоход болно.
Булганд болсон Шинэчлэлийн засгийн газрын ээлжит хуралдааныг бараг энэ засгийн сүүлийн хурал байлаа гэх мессеж Төрийн ордны хонгилоор тэнэж эхлэх үетэй давхцан Ерөнхий сайд Хуульзүйн сайдтайгаа хамт хуулиа зөрчин байж Төв аймгийн мөрдөнд зочилсон нь үнэхээр байдал эвгүйтсэний тэмдэг гэлтэй. “Эдийн засгийг сэргээх 100” хоногоороо гуйх шахан байж авч үлдсэн Засгийн газар нь улам хүндэрсээр байгаа улс орны эдийн засаг санхүүгийн байдалд хяналт тавьж чадахаа байсан энэ үед Н.Алтанхуягт ямар найдлага үлдэв.
Намрын чуулганы эхний өдрүүдэд л Засгийн газрын хувь заяаны тухай яригдаж эхлэх нь тодорхой болсон гэх ба Ардчилсан намын нэр хүндийг улс орны эдийн засагтай хамт шалдаахүртэл унагаад байгааН.Алтанхуягийн багт дахиж тээглэж үлдэх шалтаг байхгүй гэнэ.
Энэ удаа засгийн газрыг шинэчлэх санаачлага нам дотроос нь хүчтэй гарч парламентад суудалтай бусад улс төрийн нам хүчний дэмжлэгийг ихэд хүлээх нь тодорхой болжээ.
Олон жил улс төрд түшиж явсан нөхдөөс нь авахуулаад ахлах зөвлөх, төрсөн охин нь хүртэл идэж уусан хэрэгт орооцолдсон, эдийн засгаа сэхээний байдалд оруулсан, ялагч намын нэр хүндийг ирэх сонгуульд шал дордуулж оруулах нь тодорхой болж байгаа зэргээр Ерөнхий сайдын хувьд Япон, Солонгос гэх мэт орны улс төрийн ёсзүйн үүднээс харж үзвэл сайн дураараа огцрох хангалттай шалтаг бий.
Гэсэн хэдий ч Н.Алтанхуягт буулт хийх бодол үгүй бололтой. Энэ нь ч хуулийг үл тоомсорлон салбарын сайдыг нь дагуулж мөрдөнгөөр “зочилсон” албан ёсны мэдэгдэл хийж Л.Гансүхийг өмгөөлсөн зэргээс илт ажиглагдана.
Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын үр дүнгээс шалтгаалсан гадаадын хөрөнгө оруулалт өсөх хандлага, хоёр хөршийн удирдагчид манай улсад хийх айлчлалаас үүдэх нөлөөллүүд мэдээж хэрэг Н.Алтанхуягийн засгийн газарт гол найдлага болж байгаа.
Тиймээс эцсийн аргаа ч болов хэрэглээд элдэв хэрэг түвгээс нэр цэвэр үлдэж Засгийн газраа авч үлдэх бодол Ерөнхий сайдыг сандаргаж яваа бололтой. Л.Гансүх, Н.Алтанхуяг нарын дунд Төв аймгийн Шүүхийн шийдвэрийн даргын өрөөнд болсон яриа ямар ч өрнөлтэй байсан эцсийн дүндээ Ерөнхий сайдын нэр хүндэд сэв халдаахааргүй тохироо хийгдсэн нь дамжиггүй.
Гэсэн ч ямар ч үнээр хамаагүй амь тэмцэн хийсэн уулзалт нь өөрөө улстөрчдийн ёс жудаг ямар байгааг, элдэв асуудалд гүн гүнзгий орооцолдсоныг илчилж байна.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ